Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/03/07-НД НИЙТЛЭГДСЭН

Цөөн үзэгчтэй байсан Оскарын шагнал гардуулах ёслолыг Трамп дооглов

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 3 сарын 7
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн Ням гарагт болж өнгөрсөн Оскарын шагнал гардуулах ёслол хамгийн цөөхөн үзэгчтэй байснаараа түүхэнд бичигдэж байна.

Тус үйл явдлыг телевизийн сувгаар 26.5 сая хүн үзсэн нь өнгөрсөн оны үзэгчдийн тооноос 19 хувиар буурсан үзүүлэлт юм.

Тэгвэл АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп үүнийг дооглосон агуулгатай үгсийг хувийн твиттер хуудсандаа өчигдөр бичжээ.

Тэр “Түүхэнд хамгийн бага үнэлгээтэй Оскар боллоо. Асуудлын гол нь бидэнд танай ерөнхийлгчөөс өөр ОД байхгүй болжээ (мэдээж хошигнож байна)” хэмээн бичсэн байв.

Трамп ер нь Оскарыг шүүмжилдгээрээ алдартай. Өнгөрсөн оны нэгдүгээр сард тэр ерөнхийлөгчөөр сонгогдоод байхдаа жүжигчин Мэрил Стрипийг “Холливүүдийн хамгийн их хэт үнэлэгдсэн жүжигчдийн нэг” гэж дайрч байв. Стрип үүнээс өмнө Алтан Бөмбөрцөг наадам дээр үг хэлэхдээ Трампыг шүүмжилснийхээ хариуг ингэж хүртсэн юм.

Оскарын ёслолын үзэгчдийн тоо буурсан нь олон хүчин зүйлээс хамаарч байгаа гэгддэг. Үүний нэг шалтгаан нь шилдэг киноны шагнал авсан бүтээлийг хүмүүс тэр бүр сонирхохгүй байгаагаас болсон гэнэ. Оскарын ёслолоос өмнө гол шагналын төрлүүдэд өрсөлдөгчид тодорхой болсон байдаг. Хэрвээ тэдний дунд олонхийн сонирхлыг татах бүтээл байхгүй бол үзэгчдийн тоо буурдаг гэжээ.

Үүнээс гадна телевиз үзэгчдийн тоо ерөнхийдөө жилээс жилд буурч байгаа нь бас нөлөөлсөн гэж үзсэн байна.

 

Эх сурвалж: Business Insider