Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/03/07-НД НИЙТЛЭГДСЭН

Оросын ачааны нисэх онгоц Сирид осолдож, 39 хүн амиа алдлаа

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 3 сарын 7
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр Оросын цэргийн ачааны нисэх онгоц Сирийн Хмеймим агаарын баазад газардах үедээ осолджээ. Ослын улмаас 33 зорчигч, нисэх багийн зургаан гишүүн нийт 39 хүн амиа алдсан байна.

Тэд бүгд цэргийн алба хаагчид байжээ. Амиа алдагсдын дотор 27 офицер байсны нэг нь хошууч генерал цолтой хүн байсныг ОХУ-ын батлан хамгаалах яам мэдээллээ.

Нисэх багийн ахмад нь ачаа тээврийн онгоцыг 3,000 цаг нисгэсэн туршлагатай, нэгдүгээр зэргийн нисгэгч байсан гэнэ. Урьдчилсан дүгнэлтээр нисэх онгоцонд техникийн гэмтэл гарсан гэж үзжээ.

“Москвагийн цагаар 15:00 цагийн орчимд Оросын АН-26 ачаа тээврийн нисэх онгоц Хмеймим агаарын баазад газардах үедээ осолдлоо. Нисэх онгоцонд явсан бүх хүн амь үрэгджээ” гэж батлан хамгаалах яамны мэдэгдэлд өгүүлсэн байна.

Буух зурвасаас 500 метр зайнд онгоц газарт унасан гэнэ. Унахаас өмнө онгоц галд автаагүй байжээ.

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин амиа алдагсдын гэр бүлд гүн эмгэнэл илэрхийлсэн байна.

 

Эх сурвалж: Russia Today