Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/03/06-НД НИЙТЛЭГДСЭН

Өмнөд Солонгосын дараагийн ерөнхийлөгчөөр нэрлэгдэж байсан улс төрч хүчингийн хэргээр огцорлоо

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 3 сарын 6
iKon.MN
Зураг зураг

Өмнөд Солонгосын дараагийн ерөнхийлөгч болно хэмээн яригдаж байсан ирээдүйтэй улс төрч нарийн бичгийн даргаа хүчиндсэн дуулианд холбогдож, өнөөдөр албан тушаалаасаа огцорлоо.

Одоо 52 настай Ан Хэ Жун нь өмнөд Чунчён мужийн захирагч бөгөөд өнгөрсөн онд Ардчилсан Намын сонгуулийн сунгаанд одоогийн ерөнхийлөгч Мүүн Жэ Интэй өрсөлдөж, дэд байранд шалгарч байжээ.

Түүний нарийн бичгийн дарга эмэгтэй Ким Жи Юн өчигдөр телевизийн хөтөлбөрөөр даргадаа хүчиндүүлж байснаа дэлгэсэн юм. JTBC кабелийн сувгаар тэр сүүлийн найман сарын хугацаанд дөрвөн удаа хүчиндүүлснээ ярьжээ.

 

Энэхүү мэдэгдлийг Ан үгүйсгээгүй, бас батлаагүй боловч цагдаа нар түүнийг шалгаж эхэлсэн байна. Хамгийн сүүлд хоёрдугаар сарын 25-нд Ан дарга ажилтнаа хүчиндсэн тухай нарийн бичиг бүсгүй олон нийтэд ярьсан юм.

Эхэндээ Ан даргын төлөөлөгчид тэдний харилцааг зөвшилцлийн үндсэн дээр болсон гэж мэдэгдэж байсан. Гэвч сүүлд тэр өөрөө буруутайгаа хүлээн зөвшөөрчээ.

Ан өнөөдөр фэйсбүүк хуудсандаа буруугаа хүлээсэн мэдэгдэл нийтэлж, долоон жилийн турш хашсан албан тушаалаасаа огцорч, улс төрийн ямар ч үйл ажиллагаанд оролцохгүй гэдгээ мэдэгдсэн байна.

Түүнийг 2022 онд Мүүн Жэ Иний бүрэн эрхийн хугацаа дуусахад ерөнхийлөгчийн суудалд өрсөлдөх гол хүмүүсийн нэг гэж шинжээчид дүгнэдэг байв.

Анх АНУ-д эхэлсэн бэлгийн дарамтад өртсөн эмэгтэйчүүдийн #MeToo хөдөлгөөний ээлжит хохирогч нь Ан Хэ Жун болж байна. Уг хөдөлгөөн Өмнөд Солонгост өнгөрсөн нэгдүгээр сараас эхлэн хүчээ авсан юм.

Анх нэгэн эмэгтэй прокурор өөрийн даргадаа удаа дараа дарамтлуулж байснаа дээрх телевизийн сувгаар дэлгэж байжээ.

 

Эх сурвалж: Bloomberg