Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/03/06-НД НИЙТЛЭГДСЭН

С.Батболд: 200 айлын дунд цэвэр ус, бохирын систем зэргийг цогцоор нь шийдэж өгөхөөр төлөвлөсөн

www.ulaanbaatar.mn
2018 оны 3 сарын 6
ulaanbaatar.mn
 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдтой ярилцлаа.

-Хавар бүтээн байгуулалт Улаанбаатар хотод өрнөнө. Барилгын ажил боловсрол, эрүүл мэнд, авто зам зэрэг салбарт ид өрнөж, хот тохижилт, ногоон байгууламж, үер усны суваг шуудуу засварлах ажил эхэлнэ. Энэ жилийн хувьд төсвийн хөрөнгө зарцуулагдах гол бүтээн байгуулалт юу байх вэ? 

-Бүтээн байгуулалтыг бүхэлд нь ярья гэвэл маш их хугацаа орно. Тиймээс гол гол салбарын тодорхой тоо баримт хэлэхийг хүсч байна. 2018 оныг нийслэлийн зүгээс  “Иргэдийн оролцоотой амьдрах орчноо сайжруулах жил” болгон зарласан.

Амьдрах орчноо сайжруулна гэдэг орон байр, гудамж, талбай, сургууль, цэцэрлэг, эмнэлэг, ажлын байрнаас эхлүүлээд бүхий л зүйл орно. Энэ жилийн гол онцлог нь иргэдийн оролцоотой, тэдний байр суурь, санал, санаачилгын дагуу байгаа хөрөнгөөр юуг хийх вэ, нэн  түрүүнд юу хийлгэхийг та хүсч байна вэ, иргэд өөрсдөө ямар үүрэг оролцоотой явах вэ гэдэгт анхаарч ажиллахаар төлөвлөсөн. Ингээд нийтдээ 363.1 тэрбум төгрөгөөр 466 ажил хийхээр төлөвлөсөн. 

Нийтдээ 363.1 тэрбум төгрөгөөр 466 ажил хийхээр төлөвлөсөн. 

Бүтээн байгуулалт боловсролын салбарт онцгойлон өрнөх болно. Яагаад гэвэл Засгийн газрын мөрийн хөтөлбөр болон Нийслэлийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт Улаанбаатар хотын ерөнхий боловсролын сургуулиудын гурван ээлжийг хоёр, хороо бүрийг цэцэрлэгтэй болгож хамрагдалтыг 85 хувьд хүргэнэ гэсэн заалт байдаг. Тиймээс УИХ, Засгийн газартай хамтран ярилцсаны дүнд Улаанбаатар хотын сургууль, цэцэрлэгт онцгойлон анхаарал хандуулж 106.1 тэрбум төгрөгөөр 34 сургууль, 52 цэцэрлэгийн барилгыг өргөтгөх буюу шинээр барина. Ингэснээр бид 2020 гэхэд ерөнхий боловсролын сургуулийг хоёр ээлжид шилжүүлж цаашид нэг ээлжтэй болох алхамыг хийнэ.

Цэцэрлэгийн хамрагдалтыг 85 хувьд хүргэнэ гэсэн зорилттой ажиллана. Тодруулбал, нийслэлийн төсвийн хөрөнгөөр долоон цэцэрлэг, Азийн хөгжлийн банкны зээлээр есөн сургууль, 22 цэцэрлэг, БНХАУ-ын бэлгийн хөрөнгөөр долоо, Японы Засгийн газрын буцалтгүй тусламжаар дөрвөн сургуулийн барилгыг барьж эхлэх юм. 

Харин эрүүл мэндийн салбарын хувьд энэ онд нэн түрүүнд нийслэлийн Шүд, эрүү нүүрний эмгэг судлалын төвийг шинэ байранд оруулна.

Азийн хөгжлийн банкны зээлийн хөрөнгөөр баригдаж буй олон улсын жишигт нийцсэн Сонгинохайрхан дүүргийн эмнэлгийн барилгын үйл ажиллагаа маш эрчимтэй явж байгаа. Ирэх оны нэгдүгээр сарын 1 гэхэд ашиглалтад орно гэдэгт найдаж байна. Ингээд Улаанбаатар хот анх удаа олон улсад болон дэлхийн стандартад нийцсэн эмнэлэгтэй болно.
Бидний өнгөрсөн жил эхлүүлсэн томоохон аж¬луу¬дын нэг бол эмнэлгүү¬дийн гаднах орчныг тохижуулсан явдал байлаа. Улсын, нийслэлийн гэж ялгалгүйгээр 2, 3 дугаар шатлалын эмнэлгийн гад¬нах орчныг тохижуулах уг ажлыг энэ онд үргэлжлүүлж, дуусгана. 

106.1 тэрбум төгрөгөөр 34 сургууль, 52 цэцэрлэгийн барилгыг өргөтгөх буюу шинээр барина.

Энд авто замын салбарыг онцлон дурьдмаар байна. Улаанбаатар хотод зайлшгүй хийх ёстой ажил энэ салбарт өрнөдөг. Учир нь, манайд төмөр замын сүлжээ, төлөвлөлт муутайгаас авто замын түгжрэл ихтэй хотуудын тоонд ордог. Тиймээс энэ салбарт нийтдээ 40 орчим тэрбум төгрөгийн ажил хийхээр төлөвлөсөн. Тухайлбал, Зүүн дөрвөн замын давхар замын ажлыг эхлүүлнэ. Энэ нь ерөнхийдөө 25 тэрбум төгрөгийн өртөгтэй ажил. Энэ оны хувьд найман тэрбум төгрөгөөр компанитайгаа гэрээ байгуулаад үлдсэн санхүүжилтийг ирэх жилд нөхөж олгох зарчимаар үргэлжлүүлэх зорилттой байгаа.

Мөн Улаанбаатар хотоос гарч буй урсгалын хамгийн их түгжрэлтэй хэсэг болох Баянзүрхийн гүүрээс Налайх хүртэлх авто замыг шинэчлэх ажил энэ хавар эхэлнэ. Баянзүрх, Сонсголон, Яармагийн гүүрийг шинэчлэхээс гадна Улаанбаатар хотод төмөр замын гүүрэн гарц нэгийг шинээр барих ажил өрнөнө. Бүхэлдээ Улаанбаатар хотын авто замын салбарт нэлээн том өөрчлөлт авчрах бүтээн байгуулалт энэ хавар эхлэх юм. 

-Хэд хэдэн томоохон Цэцэрлэгт хүрээлэн ши¬нээр барих төлөвлөгөө байсан. Ер нь ногоон байгууламжийг хэрхэн нэмэгдүүлэх вэ. Хаврын улиралд шороо, тоос нэмэгдэж, зун ч ялгаагүй борооны дараа шороо босч хэцүү байдал¬ай болдог шүү дээ? 

-Ер нь манай хот ногоон байгууламжаараа дэлхийн хотуудын жишигт хүрэх болоогүй. Байгаль цаг уурын хувьд маш хуурай байдаг. Тиймээс Улаанбаатар хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, зүлэгжүүлсэн талбайг ихэсгэх зайлшгүй шаардлагатай. Ногоон байгууламжийг хэд хэдэн бодлогын шинж чанартайгаар өөрчилж байгаа. Нэгдүгээрт, нялх буюу нэг, хоёр настай суулгац тариад түүнийг том болтол хүлээвэл хамгийн багадаа 40, 50 жилийн хугацаа өнгөрнө.

Зүүн дөрвөн замын давхар замын ажлыг эхлүүлнэ. Энэ нь ерөнхийдөө 25 тэрбум төгрөгийн өртөгтэй.

Дэлхийн хотуудын ногоон байгууламжийн туршлагаас аваад үзвэл ойн сийрэгжүүлэлтээр том модыг авчирч шууд суулгадаг технологи бий. Үүнийг Улаанбаатар хотод хэрэгжүүлж байна. Өнгөрсөн жилд тарьсан 4-10 жилийн насжилттай нарс модны ургалт 98 хувьтай байгаа.

Хоёрдугаарт, Бидний сайн мэдэх Явуухулангийн нэрэмжит цэцэрлэгт хүрээлэнтэй адил цэцэрлэгт хүрээлэнг дүүрэг бүрт байгуулахаар газрыг нь төлөвлөсөн.

Гуравдугаарт, үнэхээр ногоо ургадаггүй, хүний хөлийн газрыг эко хавтангаар хучиж хатуу хучилттай болгоно. Олны хөлийн газар зүлэг, ногоо тарьсан ч хуулардаг учраас энэхүү ажлыг хийхээр төлөвлөсөн байна. 

-Ногоон байгууламжаа нэмэгдүүлэх, айл өрх бүр зундаа мод сөөг тарьж хүчилтөрөгч ялгаруулдаг, хашаандаа хүнсний ногоо тарьж хэрэгцээндээ ашиглах зэрэг олон санал санаачилга иргэдээс гар¬даг шүү дээ. Үүнийг хотын зүгээс хэрхэн дэмжих вэ? 

-Энэ жилийг “Иргэдийн оролцоотой амьдрах орч¬ноо сайжруулах жил” болгон зарласны гол учир утга зорилго нь иргэд өөрсдөө амьдрах орчноо сайжруулахад оршино. Хотоос дэмжлэг үзүүлнэ.

Харин иргэд маргааш нүүгээд явах гэж байгаа мэт хогтойгоо хөглөрсөн байдалтай биш насаараа амьдарч, үе хойч, ач зээ нар нь амьдрах орчин гэдгийг ухамсарлаж, өөдрөг сэтгэлгээгээр амьдрах орчноо сайжруулахад энэ жилийн нийслэлийн уриалгын зорилго оршиж байна. Иргэд өөрсдөө санаачилгаа гаргаад ирвэл бидэнд суулгацууд нь бэлэн бий. Түүнийг хөнгөлөлттэй үнээр олгох механизмаа ч шийдсэн байгаа шүү. Тиймээс иргэд хоттойгоо хамтран ногоон байгууламжаа нэмэгдүүлнэ гэдэгт итгэлтэй байна. 

ЭХНИЙ ЭЭЛЖИД 50 “СЕРВИС ЦЕНТЕР” БАРИХААР ТӨЛӨВЛӨСӨН 

-Гэр хороололд “Сервис центер” барих талаар сүүлийн үед нэлээн ярьж байгаа. Энэ талаар тодорхой тайлбарлана уу? 

-Цоо шинэ концевци гэж хэлж болно. Хүмүүс яагаад зөвхөн орон сууцанд орохоороо амьдралаа сайжруулж байна гэж бодох ёстой юм бэ. Өөрийнхөө өмчилж авсан газартаа илүү сайхан амьдрах боломж бололцоог яаж бүрдүүлж болох вэ гэдэг талаас нь яагаад ойлгож болохгүй гэж.

Хотын гэр хорооллыг хөгжүүлэх концевцийг дотор нь гурван бүс болгон хувааж байгаа. Төвийн бүсийн гэр хороолол. Энэ бүс нь хотын ерөнхий төлөвлөгөөгөөр өндөр давхарын орон сууц болох учиртай. Тэнд иргэдийн газрыг төр тодорхой болзолтойгоор худалдаж, иргэд орон сууцаар сольж авах боломж бүхий орон сууцны хороолол баригдана.

 

Дараагийн дундын бүс буюу өндөр өртөгтэй дэд бүтцийн шугам цэвэр, бохирын систем, дулааны шугам сүлжээ очих боломжгүй газарт “Сервис центер” барина.

Улаанбаатар хотын хэмжээнд 2020 он хүртэл 50 “Сервис центер” барих ерөнхий төлөвлөгөөг гаргачихаад байгаа юм. Үүнийг барих эх үүсвэрийг БНХАУ-ын хөнгөлөлттэй зээл болон буцалтгүй тусламжийн хүрээнд шийдэж Барилга хот байгуулалтын яамтай тохирсон. Энэ жил бид эхний ээлжид Чингэлтэй дүүргийн VII хороо, Сүхбаатар дүүргийн XVIII хороонд барьж эхлэх юм.

“Сервис центер” төсөл иргэд өөрсдөө хүсэлтээ гаргаад 200 хүн нийлээд нэг үзэл бодлоор хандсан тохиолдолд гэрээ хийгээд хотоос  дэд бүтцийг нь шийдэж өгөх зарчмаар явна.  200 айлын дунд цэвэр ус, бохирын систем, цахилгаан эрчим хүч, гудамжны зохион байгуулалт, гэрэлтүүлэг зэрэг бүх зүйлийг цогцоор нь шийдэж өгөхөөр төлөвлөгдсөн. ТЭЗҮ-г өнгөрсөн долоо хоногт хийж дуусгасан.

Иргэдэд өмчилж буй газраа өөрчилж, төрж өссөн газар, гал голомтоо сайжруулж бид бүхний мөрөөдөөд байдаг хаус хорооллыг бий болгож болох юм гэдгийг харуулахын төлөө өнөөдөр бид ажиллаж байна. Яг одоогийн байдлаар иргэдийн 11 бүлэг бидэнд саналаа ирүүлсэн байгаа. Төсөлд иргэд өөрсдөө оролцож хамтарч ажиллах компаниа сонгоно.  Дунджаар 50 орчим сая төгрөгөөр 200 орчим айлын дунд нэг “Сервис центер” байгуулж өгөхөөр төсөвлөөд байна. Амжилттай болж чадвал ирэх арваннэгдүгээр сард ашиглалтад оруулаад бусад иргэдэд жишээ болгон харуулж тэдэнд итгэл үнэмшлийг бий болгож чадах юм. Энэ нь хувьсгалын шинж чанартай үйл явдал болно гэж бид бүхэн үзэж байгаа. 

-Төвийн дулаантай ойр орших айл өрхүүд байх ёстой юу?

-Төвийн дулаанаас огт хамаарахгүй. “Сервис центер” дээрээ л бүх асуудлыг шийдэх юм. Хамгийн гол нь утаа гаргахгүй байх ёстой, бохирын системийг боломжтой бол төвийн шугамтай холбоно боломжгүй бол тэнд нь бие даасан бохирын байгууламжаар шийдвэр¬лэхээр зохицуулна. Одоогийн байдлаар таван янзаар ТЭЗҮ-г хийсэн байгаа. 

-Өнгөрсөн жилүүдэд гэр хорооллыг барилгажуулах, агаарын бохирдлыг арилгах зэрэг маш олон хөтөлбөр боловс¬руулагдаж, зарим нь хэрэгжиж эхэлсэн. Тус хөтөлбөрүүдийн хэрэгжилт цаашид хэрхэн үргэлжлэх бол?

-Хотын даргын хувьд дүгнэлт хийгээд үзэхэд өмнөх орон сууцны хөтөлбөрүүд, ипотекийн зээлийн хувьд гэр хороолол руу чиглэсэн биш байсан юм байна лээ. Судалгаа хийгээд үзэхээр ипотекийн зээлд хамрагдсан иргэдийн дийлэнх нь орон сууцныхаа нөхцөлийг сайжруулсан. Хуучин орон сууцнаас шинэ рүү, эсвэл эцэг эх нь хүүхэддээ авч өгсөн зэргийг авч үзвэл бодитоор гэр хороолол цөөрөөгүй.

Харин одоогийн Засгийн газар болон хотоос барьж байгаа бодлого юу вэ гэхээр гэр хорооллын газрыг орон сууцаар солих. Жишээлбэл, Ногоон нуурын дэнж дээр 1,000 айлын орон сууц барья гэж байгаа юм. Энэ бол БНХАУ-ын Ерөнхий сайд Монгол Улсын Ерөнхий сайдад бэлэглэсэн бэлэгийн хороолол маягийн орон сууц баригдана. 1,000 айлын газрыг чөлөөлөөд тус газарт нь орон сууц бариад нөгөө 1,000 айлаа оруулах механизмаар явна. Энд сургууль, цэцэрлэг, худалдаа үйлчилгээний төвийг цогцоор нь шийдэх юм. Үүнийг агаар орчин, хөрсний бохирдолтойгоо уялдуулж шийдэхээр нэн тэргүүнд төлөвлөсөн байгаа. 

Хоёрдугаарт алслагдсан буюу дундын бүсэд “Сервис центер”-ээ бариад явна. Ингэж уялдуулахгүй бол яндангийн тоо хэвээр агаар, хөрсний бохирдлоосоо салж чадахгүй яваад байна.

Гуравдугаарт, нийслэлээс хэрэгжүүлж буй орон сууцны бодлогын гол зүйл урьдчилгаа төлбөрөө өгч чадахгүй байгаа иргэд хэрэв өөрөө хүсвэл өмчилж буй газраа Нийслэлийн Газрын санд худалдаад тухайн санхүүжилтээр урьдчилгаа төлбөрөө хийх бололцоог олгож байгаа. Энд залуу гэр бүл, төрийн албан хаагчид идэвхтэй хамрагдаж байна. Өнгөрсөн жил тус хөтөлбөрийн хүрээнд 200 гаруй өргөдөл хүлээж авсан. Банкны шалгуурын дагуу 57 айлын өргөдлийг хүлээн авч, шийдвэрлээд орон сууцанд оруулсан. Иргэдийн газрыг нийс¬лэлийн Газрын албаны үнэлгээний комисс үнэлж, гэрээ байгуулах хүсэлтэй иргэдийн өргөдлийг хүлээн авч гарын үсэг зурсан. 

ИРГЭДИЙН ЭРЭЛТЭД НИЙЦСЭН ОРОН СУУЦНЫ ТООГ НЭМЭГДҮҮЛНЭ 

-Залуучууд бид урьдчилгаагаа бүрдүүлж орон сууцанд орох гэж зүтгээд байдаг бусад оронд залуучуудыг түрээ¬сийн орон сууцаар хангаад тодорхой хугацаанд хуримтлал бий болгосныхоо дараа ипотекийн зээл рүү шилжүүлдэг эсвэл түрээсээ төлж яв¬саар тодорхой хугацааны дараа тухайн байраа өөрийн эзэмшилд авдаг гэх зэрэг янз бүрийн хувилбар байдаг шүү дээ?

-Нийслэлээр шийдвэрлүүлээд 400 гаруй айл өрх түрээсийн орон суу¬цанд амьдарч байна. Ахмадын орон сууц гэж яригдаад байгаа нь мөн ялгаагүй түрээсийн орон сууц. Цаашид энэ хөтөлбөрүүдийг өргөжүүлнэ. ТОСК, НОСК нь түрээсийн орон сууцыг яаж олшруулах вэ гэдэг талд хамтарч ажиллана. Энэ хоёр байгууллага нь компаниудтайгаа ажиллах, гадаадын хөрөнгө оруулалтыг оруулж ирж түрээсийн орон сууцыг хөгжүүлээд таны хэлээд байгаа орон сууцанд орох бололцоогүй, залуу гэр бүл, ахмад настай хоёр хөгшин амьдрах түрээсийн орон сууцыг нэмэгдүүлэхээр ярилцаж байна. 

Зөвхөн НОСК гэхэд Сонгинохайрхан дүүргийн Ханын материал, Хан-Уулын Яармаг орчим зэрэг хэд хэдэн газарт газрыг нь шийдээд өгчихсөн байгаа. Газрын асуудлыг шийдвэрлэсэн учраас НОСК гадагшаа Сөүл, Бээжин, Бугат зэрэг хотын орон сууцны констракшнуудтай хамтраад хөрөнгө оруулалтаа хийл¬гээд түрээсийн орон сууц барих тэр бололцоог нь гаргаж өгөхөөр ажиллаж байна. Дэд бүтцийг нь шийдчихсэн, газар нь бэлэн бол гаднын хөрөнгө оруулагчдыг татах бүрэн бололцоотой.

Ер нь цаашид Монголд 40-60 ам метртэй хоёр өрөө орон сууцны эрэлт хэрэгцээ маш их байгаа нь бидний судалгаагаар тогтоогдсон. Тэгэхээр компаниудад 70 орчим хувь нь иргэдийн эрэлтэд нийцсэн, үлдсэн 30 хувь нь 100 ам метрээс дээш орон сууц барих зөвшөөрөл олгох юм бол одоо тулгамдаад буй асуудлаас гарах бололцоотой. 

-“Орон сууцны хөтөлбөрүүд хэрэгжээд эхлэ¬хээр хаана газар байна тэнд барилга барьж байна” гэж иргэд шүүмжлээд байгаа шүү дээ. Зарим газарт орц, гарцны систем, байр хоорондын зайны стандарт алдагдсан. Ер нь хот төлөвлөлтөөр Улаанбаатар хот цаашид хэрхэн хүрээгээ тэлэх вэ? 

-Нийслэлийн хот төлөвлөлт ерөнхий төлөвлөгөөний газар гэж бий. Энэ газраас хотод баригдаж байгаа байшин болгон зөвшөөрөл авдаг. УИХ-аар нийслэлийг 2030 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө батлагдсан. Аль дүүрэгт хаана нь ямар сургууль, цэцэрлэг, эмэнэлэг, оффис байх талаар хот төлөвлөлтөд тусгагдсан байгаа. Үүний дагуу хотын бүтээн байгуулалт хийгдэж явна. Ерөнхий төлөвлөгөө хуульчлагдаагүй байх үед бага зэрэг замбараагүй төлөвлөгдсөн явдал бий. Миний үед би хотын даргаар ажиллаж байх хугацаанд бүх зүйл хуульчлагдсан ерөнхий төлөвлөгөөний дагуу явна гэдгийг дахин хэлье. Би 2016 онд ажлаа авсныхаа дараа нийтийн зориулалттай орон сууцны хороолол дундах болон ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн ойр орчмын нийтийн эдэлбэрийн газарт орон сууц, конторын барилга барих зориулалтаар газар шинээр олгохыг хориглосон захирамж гаргасан. Захирамж гаргаснаас хойш нэг ч газар олгогдоогүй. Хэрэв  өмнө нь хууль зөрчөөд олгосон бол түүнийг нь шууд хүчингүй болгож байгаа. 

-Шилжилт хөдөлгөөнийг хориглож, суурьшлын бүсийг тогтоосон таны захирамж хоёр он дамжаад хэрэгжиж байна. Энэхүү захирамж гаргаснаар ямар үр дүн гарсан гэж та дүгнэх вэ?

-2016 оны сүүлчээр хэлэлцэж ярилцаад 2017 оны нэгдүгээр сарын 9-нд гурван захирамж гаргасан. Энэ бол захиргааны актын хувьд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч гаргаж болох хамгийн дээд захиргааны арга хэмжээ гэж хэлж болно.

Нэгдүгээрт, шилжилт хөдөлгөөнийг хориглосон.

Хоёрдугаарт, Улаанбаатар хотын агаарын чанарын бүсүүдийг тогтоосон.

Гуравдугаарт, Улаанбаатар хотын суурьшлын бүсийн хил хязгаарыг тогтоож, улаан шугам татсан. Энэхүү гурван захирамж нь агаар, хөрсний бохирдлыг бууруулах, хотын замбараагүй тэлэлтийг байхгүй болгоход чиглэсэн. Одоо ч бид энэ захирамжийг мөрдөөд явж байгаа. 

Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс Улаанбаатар хотын агаар, хөрсний бохирдол гамшгийн хэмжээнд хүрснийг зарласан. Үндсэн хуулийн дагуу хүн бүр хамгийн эхэнд эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхтэй дараа нь амьдрах газраа сонгох эрхтэй гэсэн байдаг. Гэтэл Улаанбаатар хотод иргэдийн эрүүл аюулгүй амьдрах боломж бололцоо бүрдээгүй байгаа учраас “та аймаг сумандаа эрүүл аюулгүй амьдраач ээ” гэсэн сонголтыг л үлдээж байгаа хэрэг.

Хэзээ нэгэн цагт байдал дээрдээд ирвэл энэ асуудал шийдэгдэх байх.  Өмнө нь Улаанбаатар хотод жилдээ дунджаар 25 мянган хүн шилжиж ирдэг байсан. Шилжилт хөдөлгөөнийг хорьсоноор өнгөрсөн онд сүүлийн 27 жилийн хугацаанд анх удаа Улаанбаатар хотоос шилжин явсан хүний тоо шилжиж ирсэн хүний тооноос давсан. Тодруулбал, 8,000 гаруй хүн шилжиж ирээд 9,000 гаруй хүн шилжиж явсан байна. Энэ бол маш том амжилт гэж бид үзэж байгаа юм. 

-Нийслэлийн эрхзүйн байдлын тухай хуулийг батлуулах гэж байна. Энэ хууль батлагдвал ямар өөрчлөлт, шинэчлэлт бий болж, ахиц, дэвшил гарах юм бэ. Ямар эсэргүү¬цэлтэй та тулгарч байна? 

-Би олон жил парламентын гишүүнээр ажиллаж байсан хүний хувьд хотын даргаар ирээд эрхзүйн хувьд нийслэл ямар статустай байгааг судлаад үзэхэд 1994 онд Нийслэлийн эрхзүйн байдлын тухай хуулийг баталсан байгаа юм. 1994 онд тус хуулийг батлахад Улаанбаатар хот 400 гаруй мянган хүн амтай байсан. Одоо хот 1.4 сая хүн амтай болсон.

Тухайн үед нийслэл засаг захиргаа нутаг дэвсгэрийн хувьд бусдаас онцгой ялгараад байх зүйлгүй байсан. Дундаж аймаг 100 гаруй мянган хүн амтай байсан учраас хотын асуудал нэг их анхаарал татаад байхаар биш байсан. Гэтэл одоо бол Монгол Улсын хүн амын 50 орчим хувь нь Улаанбаатар хотод амьдарч байна. Улаанбаатар хот ДНБ-ий 64 хувийг үйлдвэрлэж байна. Ийм нөхцөл байдал үүсээд, хотын ачаалал нэмэгдсэн энэ тохиолдолд Монгол Улсын хэмжээнд цорын ганц гэж хэлж болох хотоо онцгой статусаар харж үзэж, асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй. 

Хоёрдугаарт, Улаанбаатар хотын иргэн байна гэдэг эрх, үүргийн хувьд ямар байх юм бэ. Тэр хүн эрхээ эдэлж байгаа бол тодорхой үүрэг хүлээдэг байх ёстой. Хамтын амьдралд оролцохын тулд ямар байх ёстой вэ гэх зэрэг олон асуудлыг авч үзвэл Нийслэлийн эрхзүйн байдлыг шинэчлэх шаардлага заавал байна. 

Энэ бол хэн нэгэн улс төрчийн шоу, хотын даргын эрх ашгийн асуудал ерөөсөө биш ээ. 1.4 сая иргэний эрх ашгийн асуудал. Хот биш Монгол Улсын эрх ашгийн асуудал юм гэдгийг иргэд ойлгох хэрэгтэй. Хуулийг энэ хаврын чуулганаар батлагдан гэж найдаж байгаа.

 -Хотын эрх ашгийн тухай хуулийг ярихаар зарим хүн татварын асуу¬дал ярьдаг. Хэрэв та хотод амьдрах гэж байгаа бол татвар төлөх ёстой гэж?

-Хотын бие даасан байдал, хотын статусыг ярих юм бол санхүүгийн бие даасан байдал хамгийн чухал. Өнөөдөр хот өөрийнхөө орлогоор өөрийгөө санхүүжүүлээд улсын төсөвт орлого төвлөрүүлдэг засаг захиргааны нэгж. Гэхдээ хотын хэрэгцээ маш их байгаа. Тэгэхээр Улаанбаатар хот санхүүгийн хувьд эрх мэдэлтэй байхын тулд татвартай болох хэрэгтэй. Олон улсын санхүүгийн байгууллагаас өөрөө баталгаа гаргаад зээлээ авдаг, гадаад орны хөнгөлөлттэй зээлд хамрагддаг байх хэрэгтэй.

Шаардлагатай гэж үзвэл бонд гаргадаг, концессын гэрээ хийдэг байх хэрэгтэй байна. Харамсалтай нь энэ бүх эрхийг буцаагаад авсан. Энэ бүхнийг чөлөөлж өгч байж хот бие даан хөгжих бололцоотой болно. Тэгэхээр энэ эрхүүдийг буцааж хотод олгоочээ гэсэн хүсэлтийг Засгийн газарт тавьж байгаа. Тэгж байж хотын өмнө тулгамдаад буй асуудлыг шийдэж чадна. Ер нь хотод амьдрах нь өртөгтэй. Хотын татвар зайлшгүй байх ёстой. Үүнийг өнөө маргаашдаа биш юм аа гэхэд цаашид бий болгох шаардлагатай. 

ЯАРМАГИЙГ БИЗНЕС САНХҮҮГИЙН ТӨВ БОЛГОН ХӨГЖҮҮЛНЭ

-Хотод төр захиргааны байгууллага, үзвэр үйлчилгээний төв бүгд төвлөрчихсөн, бүх зүйл хямдхан, маш олон боломж байна гэж бодсоор иргэд наашаа тэмүүлдэг. Харин бусад оронд эсэргээрээ байгаад байдаг?

-Дэлхийн хотуудын жишгээс харахад хөг¬жилтэй орнуудад хотоо¬соо алсрах процесс явагддаг. Харин хөгжиж буй болон ядуу буурай орнуудад иргэд нь хот руугаа бөөгнөрөөд байдаг дэлхийн нийтийн чиг хандлага бий. Манай хөгжиж буй орны хувьд ялгаагүй хот руугаа төвлөрөх хандлага байдаг. Үүнийг захиргааны аргаар олон жил шийдвэрлэж чадахгүй. Энд эдийн засгийн хөшүүрэг байх ёстой гэж үзэж байгаа. 

Улаанбаатар хотын агаар орчны бохирдолтой холбогдуулан УИХ, Засгийн газраас маш том тогтоол гаргасан. Заалт бүрт Хотын даргад даалгасан хэсэг бий. Тухайлбал, хотын төвлөр¬лийг сааруулхын тулд хотоос орон нутаг руу шилжих хөдөлгөөнийг эрчимжүүлэх, урамшуулал олгох талаар аймаг, нийслэлийн Засаг дарга нар тодорхой үүрэг хүлээж ажиллаж, арга хэмжээ авах ёстой гэсэн заалт байна. Магадгүй хөдөө орон нутагт ажиллахаар явж буй иргэдийг малжуулах, газар олгож хүлэмж бариулах, газар тариалан эрхлэхэд трактор ч юм уу эд зүйлсээр хангаж хөдөө амьдрах нөхцөлийг сайжруулах шаардлагатай. 

Засгийн газраас аймгийн төвүүдийн дулааны асуудлыг шийдэж 10 аймгийн төвд дулааны станц барьж байна. Энэ нь аймгийн төвийн байрнууд хотын байрнаас тохитой болно гэсэн үг. Ингээд аймгуудын төвийг хөг¬жүүлэх, их дээд сургуулиу¬дыг хотоос гаргах, шилжүүлэн байршуулах, магад¬гүй зарим захиргаа¬ны байгууллага Улаанбаатараас  гарах зэрэг ажлыг зохион байгуулах шаардлагатай байгаа. Хөгжлийн тодорхой төвшинд энэ ажлууд явна. 

 

Улаанбаатар хотыг задлахын тулд найман дэд төвийг байгуулна. Иргэд хотын төв гэхээр Бага тойруу, Их тойрууг л тойроод давхиад байдаг. Учир нь, энэ хэсэгт бүх их дээд сургууль, засаг захиргааны байгууллага байдаг. Энэ төвлөрлийг сааруулахын тулд бид Зургаан буудал, Дүнжингарав, Мишээл, Драгонд Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийг байгуулсан. Үүнтэй ижил Баянхошуу, Сэлбэ, Дамбадаржаа, Яармаг, Сонсголон зэрэг дэд төв байгуулаад тэнд, бизнесийнхэн, төр захиргааны байгууллагууд очиж суурьшаад хотын төв рүү орж ирж авдаг үйлчилгээгээ түгжрэлгүй, түргэн шуурхай авах боломж бүрдүүлнэ. Нэг том жишээ болж хотын захиргаа Яармаг руу нүүхээр шийдсэн. Яармагийг бизнес санхүүгийн төв болгон хөгжүүлнэ. Учир нь, тухайн газар нь хөгжих бололцоотой дэд бүтэц, шинэ нисэхийн хурдны зам орсон, Яармагийн гүүр шинээр баригдаж байгаа зэрэг боломжууд ихтэй. 

-Хотын захиргааг Ханын материал руу нүүлгэхээр болж, тухайн газарт шав тавьж байсан. Харин одоо Яармаг руу нүүхээр боллоо. Энэ үнэхээр бодит ажил болох үгүйд иргэд эргэлзэж байна?

-Бодит ажил болгоно. Энэ асуудлыг Засгийн га¬зарт өргөн бариад тэндээс “хурдан хугацаанд хийх ёстой” гэсэн шийдвэр гарсан. Бид маш хурдан, богино хугацаанд хэрэгжүүлнэ. 

Хотын захиргааг Ханын материал руу нүүлгэхээр барилгыг 132 сая долларын концессын гэрээгээр Унгарын компаниар бариулах ажил яригдаж байсан. Концессын гэрээ нь хүчингүй болсон. Баянхошуу дэд төвийг хөгжүүлнэ. Хуучин хотын захиргааг барихаар төлөвлөсөн байсан газарт орлогод нийцсэн орон сууц барихаар НОСК ажиллаж байна. Энэ жил тус дэд төвийн дэд бүтцэд гурван тэрбум төгрөгийг гаргаад Ханын материалын эцэс Баянхошуу орчмыг орон сууцны хороолол болгоно. Энэ мэтчилэн уялдаатай ажиллах юм. 

-Хотын захиргаа Яармагт хэр хугацааны дараа бүрэн гүйцэт нүүж очих вэ? 

-НИТХ, НЗДТГ, Улаанбаатар хотын захирагчийн ажлын алба, 33 агентлаг Яармаг руу нүүх юм. Улаанбаатар хотын төвд ашиглагдаж байгаа одоо конторлож буй нийслэлийн үл хөдлөх хөрөнгүүдээ худалдах, бартердах замаар шинэ засаг захир-гааны барилгын эх үүсвэрээ бий болгоно. Нүүх дуртайдаа эсвэл шинэ байранд орох гээд байгаадаа биш хот өөрөө үлгэрлэж хотын төвөөс нүүж болдог юм байна, захиргааны байгууллага нь гарч болдог юм байна гэдгийг төрийн захиргааны байгууллагууд болон бусад газруудад харуулахыг зорьж байгаа юм. 

Бусад орны жишгээс харахад ихэнхдээ хотын захиргаа нь зах руугаа нүүж, шинэ дэд төв үүсгэх замаар төвлөрөл, асуудлаас гарсан туршлага байдаг. Хугацааны хувьд 2019 оны долоодугаар сарын эхээр буюу улсын баяр наадам гэхэд шинэ оффисдоо орсон байхаар төлөвлөж байна.

-Томоохон зах, их дээд сургуулиудыг хотоос гаргах асуудал хэрхэн үргэлжлэх вэ?

-Саяхан 1,000 машины захыг нүүлгэсэн. Ер нь Улаанбаатар хотод автомашин заруулахгүй гэж үзэж байгаа. Тухайн хүн энэ газарт би дэлгүүр барина гэж газар авчихаад жижигхэн автомашины зах нээчихээд байна л даа. Үүнийгээ дагаад хажууд нь автомашин засварын газар бий болж байна. Улмаар хөрс рүү бензин тос, элдэв бодис асгарч бохирдуулдаг. Тиймээс хууль бус авто худалдааны газруудыг хөрөнгө мөнгө зарцуулаад барьчихсан 22 товчоон дахь Авто худалдааны цогцолбор луу нүүлгэнэ. Энэ хавартаа багтааж 40 орчим газрыг хотоос гаргана.

Хоёрдугаарт, НИТХ-аас Нарантуул, Хүчит шонхор, 100 айлын захыг санаачилга гаргаад ажлын хэсэг байгуулан ажиллаж байгаа. Хөгжлийн явцад эдгээр захууд хотоос гарах ёстой. Гэхдээ өнөөдөр энэ захууд хууль ёсныхоо газар дээр, зохих зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаа явуулж байгаа юм. Тиймээс албадан гаргана гэсэн зүйл байхгүй.

Харин хот тэр хүмүүстэй хэлэлцээр хийх замаар, хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд заасны дагуу үе шаттайгаар гаргах ажил хийгдэнэ. Хот маш хурдан хөгжиж байна. Нарантуулыг анх байгуулахдаа хотын зах руу гаргачихлаа гэж байсан. Гэтэл 15 жилийн дараа харахад хотын төв рүү ороод ирлээ. Тэгэхээр төлөвлөлтийг нэлээн алсыг харж хийх ёстой. Захуудыг задлах гол арга бол баруун, зүүн, урд гэж хуваах ёстой юм билээ. Үгүй бол баруун аймгаас орж ирсэн хүн заавал Нарантуулыг зорьдог. Тэгэхээр Нарантуултай тэнцэхүйц захыг баруун захад байгуулах хэрэгтэй. Тэгвэл иргэд заавал түгжрэл, чирэгдэл учруулан байж Нарантуул руу яваад байх шаардлагагүй шүү дээ. 

-“Улаанбаатар хотыг ирээдүйгүй хот болсон” гэж нэг хүн хэлсэн. Иргэд ч утаанаас болоод нэлээд бухимдаж нүүх талаар олон нийтийн сүлжээнд сэтгэгдлээ оруулдаг. Энэ асуудлыг та юу гэж харж байна вэ? 

-Сэгсгэрч гэсэн ээж минь, сиймхий ч гэсэн гэр минь гэсэн үг бий. Улаанбаатар хотын өнөөдрийн даван туулж буй хүндрэлийг дэлхийн бүхий л хот үзэж туулсан. Бидний “гял цаль ямар сайхан хот вэ” гэдэг томоохон хотууд тухайн цаг үедээ яг адилхан хүндрэлийг туулж байсан. Агаар, хөрс, ундны усны бохирдолтой байсан. Бүх хот үүнийг даваад гарсан. Тэгэхээр иргэд орхиод зугатах биш төр засагтайгаа хамтарч хотоо өөдөн татах хэрэгтэй. Яагаад гэвэл энэ миний, чиний, бидний хот шүү дээ. 

-Ярилцсанд баярлалаа.