Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/03/06-НД НИЙТЛЭГДСЭН

Г.Баасан: Д.Жигжиднямааг яллагдагчаар татах тогтоол үйлдэгдээд АТГ-аас нийслэлийн прокурорт хүргэгдсэн

Т.Саран, iKon.mn
2018 оны 3 сарын 6
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Авлигатай тэмцэх газрын дэргэдэх Олон Нийтийн Зөвлөлөөс "АТГ нь авлигатай тэмцэхгүй байгааг 2017 оны авлигын индекс батлав уу?" сэдвээр өнөөдөр хэвлэлийн хурал хийх үеэр Авлигатай тэмцэх газрын дэргэдэх Олон Нийтийн Зөвлөлийн дарга Г.Баасан сэтгүүлчдийн асуултад хариуллаа. 

"Дэлхий дахинаа Авлигаас ангид амьдрахын төлөө “Дэлхийн авлигын тайлан, “Авлигын төсөөллийн индекс”, “Дэлхийн авлигын барометр” гэсэн 3 төрлийн тайланг олон төрлийн суурь судалгаа, үзүүлэлтүүд дээр тулгуурлаж гаргадаг.

Монголын Авлигын эсрэг Хараат бус газар гэж Олон улсад нэрлэгддэг АТГ нь УИХ-ын байгууллага буюу босоо удирдлагатай зөвхөн даргын шийдвэр эцсийн байдаг, цэрэгжсэн, хангалттай төсөвтэй, төрийн тусгай байгууллага юм. Монгол Улсын авлигын түвшин 2017 онд 180 улсаас 103-т орсон нь 2008 оны түвшинд /180-аас 102-т/ эргэж хүрлээ.

Бусад улс орон 10 жилийн хугацаанд байнга урагшилж, үгүйдээ байрандаа байна. Манай улс хойшоо ухарч. авлигатай тэмцэхгүй байгаагаа Олон улсад харуулсан ч Монгол дахь Транспэрэнси Интернэшнл байгууллагаас АТГ сайн ажиллалаа гэж дүгнэн, авлигын индекс ухарсан нь АТГ-т хамаарахгүй гэж илэрхийлж Монголчуудыг басамжиллаа.

Авлигатай тэмцэх гэж тусгай байгууллага байгуулснаар авлига улам нэмэгдэж байгаагийн шалтгаан нь юу вэ? гэдгийг тогтоож, гацааг гаргахгүй бол цаг хугацаа хүлээхгүй юм. ОНЗ-өөс гаргаж тавьж буй шалтгаан нь:

  1. АТГ нь УИХ-ын байгууллага учраас УИХ- дахь авлигачдын дарамт, шахалтанд байна.
  2.  Авлигын эсрэг хуулийн хэрэгжилтэнд хяналт тавих УИХ-ын үүрэг сул байдгийг АТГ-ын удирдлагууд нь далимдуулдаг.
  3.  Төрийн өндөр албан тушаалтан авлигын гэмт хэргээс мултрах, хөнгөн ял авах боломжтойгоор 2017.07.01-нээс хэрэгжсэн Эрүүгийн хуулийг УИХ баталсан. /Авлига авбал нийтийн албанд томилогдох хугацааг хасах, торгуулах, зорчих эрхийг хязгаарлах гэсэн сонгох боломжтой олон төрлийн ял байх нь зөв үү? /Авлига албан тушаалтны гэмт хэрэгт хөөн хэлэлцэх хугацааг хамааруулах нь оновчтой юу?//эх мэт цоорхойтой байна.
  4. АТГ-ын дарга нь УИХ-ын даргатай сайн найзын харилцаатай байгаа нь, илэрхий ашиг сонирхолын зөрчил үүсч байна.
  5. Авлигатай тэмцэх үйл ажиллагаа нь АТГ-ын даргын дур зоргын хэрэг болсон.

Тиймээс, Төрийн эрхийг хууль бусаар авсан байх 60 тэрбумын гэмт хэрэг, Эрдэнэт үйлдвэрийг барьцаалсан хэрэг, Уул уурхайн лицензийн авлига, газрын наймаа, тендерийн авлига гэх мэт албан тушаалтны гэмт хэргүүд сураг тасрах шинжтэйгээр цаг алдсаар байна.

АТГ-т авлигачдад хариуцлага тооцох хугацаатай шаардлага тавих, цаг алдалгүй авлигын асуудлыг шийдвэрлэх, үр дүнг дүгнэхийг олон нийтээс хүсч байна" гэлээ. 

Хүний эрх чөлөө хууль дээдлэх зарчмууд авлигаас болж эвдэгдсэн

Мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад хариуллаа. 

-Төмөр замын дарга Д.Жигжиднямаатай холбоотой ямар мэдээллүүд байна вэ? Цагдаагийн газраас өрөөнд нь нэгжлэг хийсэн гэж байсан.

-Төмөр замын асуудал 2017 оны нэгдүгээр сараас эхлэн хөндөгдсөн. Жил хоёр сар болж байна. Цагдаагийн Ерөнхий Газрын дэргэдэх эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газраас Д.Жигжиднямаагийн өрөөнд нэгжлэг явагдсан гэсэн баттай эх сурвалжийн мэдээлэл байна. 

Д.Жигжиднямааг яллагдагчаар татах тогтоол үйлдэгдээд АТГ-аас нийслэлийн прокурорт хүргэгдсэн гэх баттай эх сурвалжийн мэдээлэл байна. 

УБТЗ дээр байгаа ноцтой хэрэг бол тухайн газраас гарсан мөнгөн гүйлгээ нь офшор дансанд орсон байгаа. Засварын машин, 977 вагоны асуудал гэх мэтээр Д.Жигжиднямаа нь төрийн өмчит компанийн мөнгийг хууль бусаар ашигласан, албан ёсны хянагдах ёстой гарын үсэггүйгээр эдгээр асуудлууд шийдэгдсэн зэрэгт холбогдож байгаа. 

-Оюутолгой компанитай холбоотойгоор Ч.Сайханбилэг, М.Энхсайхан нартай холбоотой мэдээлэл өгөөч? 

-Олон нийтийн зөвлөл өөрсдийн ажиллах журмын дагуу гүйцэтгэх ажиллагаа хэрэг бүртгэл, мөрдөн байцаалт дээр хөндлөнгөөс оролцох нь хаалттай байдаг. М.Энхсайхныг шалгаж байгаа гэдэг асуудал дээр та бүхэнтэй адил мэдээлэлтэй байна. 

-Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд манай улсын авлигын нөхцөл байдлын асуудлаар хандсанаар зөвлөл ямар ажиллагаа явуулах эрхтэй вэ?

-ҮАБЗ-ийн үйл ажиллагааны зарчимд Монгол Улсын тусгаар тогтнол, улс орны бүрэн байдал, хүний эрх, эрх чөлөө, хууль дээдлэх зарчмууд байгаа. Энэ зарчмууд авлигын асуудлаас болоод бүгд эвдэгдчихлээ.

Тийм учраас авлигыг үндэсний аюулгүй байдлын хэмжээнд хүрчихлээ гэж үзээд ҮАБЗ-д хандаж байгаа юм. Энэ тал дээр ажлын хэсэг байгуулж, шинжээчийн дүгнэлт гаргуулах тухай юм.