Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/03/06-НД НИЙТЛЭГДСЭН

Дональд Трампыг Израйлийн ерөнхий сайд эртний Персийн хаантай зүйрлэн магтжээ

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 3 сарын 6
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр буюу Даваа гарагт АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Израйлийн ерөнхий сайд Бенжамин Нетаньяхуг Цагаан ордонд хүлээн авч уулзжээ.

Хоёул дотооддоо шалгагдаж, хэцүүхэн нөхцөл байдалд байгаа удирдагч нар энэ уулзалтаар харилцан бие биеэ тэнгэрт тултал магтаж, онцгой дотно байсан нь АНУ-Израйлийн харилцаа, хамтын ажиллагаа хэр сайн хөгжиж байгаад олон нийтийн анхаарлыг хандуулах гэсэн зорилготой байсан нь тодорхой.

Тухайлбал Нетаньяху АНУ-ын элчин сайдын яамыг Тел Авиваас Иерусалемд нүүлгэх шийдвэрийг Трампын гаргасан зоригтой алхам гэж үнэлээд түүнийг эртний Персийн хаан Их Сирустай зүйрлэжээ.

Сирус хаан жүүдүүдийг Бабилонд олзлогдоод байхад нь суллаж байсан юм. Үүгээр зогсохгүй Трампыг Израйлийн ерөнхий сайд 100 орчим жилийн өмнө Палестинд жүүд хүмүүсийн эрхийг баталгаажуулж байсан Английн Лорд Бэлфур, жүүдүүдийн бие даасан төр улсыг байгуулахыг дэмжсэн ерөнхийлөгч Харри Трумэн нарын адил түүхэн хүн гэж өргөмжилсөн байна.

Нетаньяху “Таны онцгой дотно найрамдалт харилцаанд талархаж явдгаа би хэлмээр байна” гэж Трампд хэлжээ.

Үүний хариуд Трамп мөн сайхан үгсийг харамгүй урсгасан байна.

Тэрээр ирэх тавдугаар сард Израйль улс байгуулагдсаны 70 жилийн ойгоор АНУ-ын элчин сайдын яамыг Иерусалемд нээх зорилгоор айлчилна гэдгээ Нетаньяхуд хэлжээ.

“Израйль бол миний хувьд онцгой улс үндэстэн. Онцгой улс орон, онцгой хүн ард, танайд айлчлахдаа би гаргасан шийдвэрээрээ маш их бахархах болно” гэж тэр хэлсэн байна.

Израйлийн ерөнхий сайд авлигын хэргээр шалгагдаж байгаа бол Трампын сонгуулийн багт ажиллаж байсан хэд хэдэн хүн Холбооны Мөрдөх Товчооны мөрдөгчдөд худал мэдүүлэг өгсөн хэмээн буруутгагдаад байгаа юм.

Гэсэн ч тэд хоёул өөрсдийн эсрэг мэдээллийг Трампын өнгөрсөн онд гаргаж ирсэн “fake news” (худал хуурмаг мэдээ) гэх шинэ нэр томьёогоор нэрлэж, няцаасаар байна.

 

Эх сурвалж: AFP