Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/03/06-НД НИЙТЛЭГДСЭН

Назарбаев ойрын хугацаанд ажлаа өгөх бодолгүй гэж мэдэгджээ

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 3 сарын 6
iKon.MN
Зураг зураг

Сүүлийн үед Казахстаны нас өндөр ерөнхийлөгчийг эрх мэдлээ шилжүүлэх бэлтгэл хийж байгаа гэсэн таамаг яригдах болсон.

Тэгвэл Нурсултан Назарбаев өчигдөр парламентын нэгдсэн чуулган дээр үг хэлэхдээ ойрын хугацаанд албаа орхих бодолгүй байгаагаа мэдэгджээ.

“Ард түмнээ сайхан ирээдүйд хүргэхийн тулд би ажиллаж байсан, ажиллаж байна, ажиллах ч болно” гэж тэр хэлсэн байна.

Назарбаев тус улсын парламентын хоёр танхим болох Сенат, Мажлисийн гишүүдэд хандаж “том төслүүдэд анхаарал хандуулах цаг” болсныг сануулаад өөрөө эдгээр төслүүдийг удирдах болно гэжээ.

Сарын өмнө Казахстаны парламент Назарбаевт тус улсын үндэсний аюулгүй байдлын зөвлөлд насаараа ажиллах эрх олгож, статусыг нь зөвлөгчөөс үндсэн гишүүн болгох хуулийн төсөл боловсруулж байгаагаа мэдэгдэж байв.

Назарбаевыг ерөнхийлөгчийн албан тушаалаас буусны дараах эрх мэдлээ хадгалах бэлтгэлээ хийж байна гэж олон Казах хүн энэ үйл явдлыг тайлбарлаж байсан юм.

Одоо 77 настай Назарбаев ЗХУ-ыг задран унасны дараа 1991 оноос хойш Казахстаныг тасралтгүй удирдаж байна.

Тэр 2015 онд ерөнхийлөгчөөр сонгогдож, дахин 5 жил ажиллахаар болсон юм. 2017 оны нэгдүгээр сард Назарбаев зарим эрх мэдлээ засгийн газар, парламентад шилжүүлж, өөрийн статусыг улсын “дээд шүүгч” болгон өөрчлөхөө мэдэгдэж байжээ.

Гэвч өнгөрсөн оны сүүлээр үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахдаа билэгдлийн төдий эрх үүргийн хуваарилалтыг хийж, өөрийн нөлөөг хэвээр хадгалж үлдсэн юм.

 

Эх сурвалж: Radio Free Europe /Radio Liberty