Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/03/07-НД НИЙТЛЭГДСЭН

Эрдэнэт Үйлдвэрээс гадна Улаанбаатар Төмөр замын төлөх өрийг бодолцож байгаа юу?

Т.Саран, iKon.mn
2018 оны 3 сарын 7
iKon.MN
Зураг зураг

Эрдэнэт Үйлвэрийг (ЭҮ) барьцаалан Өмнөд Африкийн Стандарт банкнаас зээл авсан асуудал сөхөгдөх цагаар мөн л энэ хэрэгт холбоотой Ш.Батхүүгийн Улаанбаатар Төмөр Замыг (УБТЗ) барьцаалан давхар зээл авсан хэрэг төдийлөн яригдахгүй байх шиг.  ЭҮ -ээс гадна УБТЗ Стандарт Банкны хохирлыг барагдуулах шүүх хурал Улаанбаатарт болно. 

Бид УБТЗ-ыг барьцаалж зээл авсан хэрэг анх яагаад эхлэх болсон, одоо уг хэргийг шалгаж байгаа эсэх талаар мэдээллийг он цагийн дарааллаар хүргэж байна. 

Яагаад УБТЗ-ыг барьцаанд тавих болсон бэ?

2009 он. Жаст групп Оросын Роснефть компаниас УБТЗ руу шатахуун нийлүүлэх гэрээ байгуулахад урьдчилгаа хэрэгтэй байсан тул Стандарт банкнаас зээл авсан байна. 

Ингээд тус банкнаас зээл авахад баталгаа шаардсан тул УБТЗ-ын удирдлагуудаар гарын үсэг зуруулах шаардлагатай болсон. Ингээд  “Жаст” группийн Стандарт банкнаас авсан зээлийг эргэн төлж чадахгүй болж УБТЗ хариуцна гэсэн гэрээнд УБТЗ-ын зүгээс хамгийн анх В.Отгондэмбэрэл дарга гарын үсэг зуржээ. 

Стандарт банкны мөнгө Роснефтэд очиж, Роснефть шатахуунаа УБТЗ-д өгөөд УБТЗ шатахууны төлбөрөө “Жаст” группэд өгөөд “Жаст” групп үүнээсээ зээлийн төлбөрөө Стандарт банканд төлөх схем ажиллаж байсан гэж хэлж болох юм.

Тус гэрээ эхлээд нэг жилийн хугацаатай хийгдэж цаашид сунгагдсан байна. В.Отгондэмбэрэлийн дараа УБТЗ-ын даргаар томилогдсон Т.Очирхүү УБТЗ-ыг Стандарт банканд барьцаалах гэрээнд үргэлжлүүлэн гарын үсэг зуржээ.

Харин Т.Очирхүүгийн дараа Г. Сэрээнэндорж УБТЗ-ын даргаар томилогдох үеэр УБТЗ, Стандарт банкны хэрэг мандсан байна.  Учир нь Г.Сэрээнэндорж УБТЗ-ыг зээлийн барьцаанд тавих гэрээг үргэлжлүүлэхэд гарын үсэг зурахаас татгалзжээ.

Ингээд тэрбээр өмнөх гарын үсэг зурсан удирдлагуудыг АТГ-т шалгуулахаар өгсөн байна. Энэ талаар АТГ-аас тодруулахад манайд энэ хэрэг хамаарахгүй бөгөөд холбогдох цагдаагийн газар шалгагдаж байгаа гэсэн мэдээлэл өгөв. 

УБТЗ-ыг барьцаалсан хэрэг ил болов

 
Гэрэл зургийг mpa.mn

2013 он. “Жаст”-ын Ш.Батхүү УБТЗ-аар батлан даалгаж Өмнөд Африкийн “Стандарт” банкнаас 36 сая ам.долларын зээл авсан гэх асуудал 2013 онд анх олон нийтэд ил болсон. 

Уг нь энэ хэрэг 2009 оноос эхлэлтэй бөгөөд “Жаст” группийн ерөнхийлөгч асан Ш.Батхүүгийн хууль бус үйлдэлд Монголын төрийн өмчит компаниуд баталгаа гаргаж өгсөн учраас Монгол Улс өр төлбөрт ороод байгаа. Учир нь Жаст групп зээлээ хугацаанд нь төлөөгүй.

Тодруулбал, Английн арбитрын шүүхээс Жаст групп Эрдэнэт, УБТЗ-ыг барьцаалан Стандарт банкнаас 2009-2011 онуудад 109 сая ам.долларын зээл авсан гэдэг нь ил болоод байгаа юм.

Английн шүүхийн нэхэмжлэлийн дагуу шүүх хурал болж, Стандарт банканд УБТЗ-ыг барьцаалан зээл авсан асуудлыг Монголын хууль тогтоомжоор шийдвэрлэх боломжтой гэж салгаж шийдвэр гаргажээ. Ингэснээр уг хэрэг Баянгол Дүүргийн Иргэний хэргийн шүүх дээр шалгагдаж байгаа нь тодорхой болов. 

Бүр тодруулбал, Уг хэргийг БГД-ийн иргэний хэргийн шүүгч Ч.Мөнхцэцэг хариуцаж байгаа бөгөөд одоогоор хэрэг түдгэлзсэн байна. Учир нь шүүхээс тус хэрэг дээр шинжээч томилсон. Шинжээчийн дүгнэлт ирснээр хэргийг шалгах үйл ажиллагаа үргэлжлэх ажээ.

 УБЗТ-тай холбоотой хэргийг Цагдаагийн Ерөнхий Газрын мөрдөн байцаах газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс шалгаж байна. 

Өрөө барагдуулах тухай шүүхээс бичиг ирэв

2016 он. УБТЗ-ыг барьцаалан их хэмжээний мөнгө залилсан гэх асуудал сөхөгдөж тус хэрэгт оролцоотой гэх хүмүүс хариуцлагад татагдахаар болоод байгаа тухай хэвлэлүүд мэдээлэв.

Тодруулбал, энэхүү өрийн асуудлаар Арбитрийн шүүхээс манай улсын Засгийн газар болон УБТЗ-ын удирдлагуудад шүүхийн тоот бичиг явуулж өр төлбөрөө яаралтай барагдуул гэх үүргийг өгсөн байна. 

Тухайн үед УБТЗ-ын удирдлагаар ажиллаж байсан хэд хэдэн хүмүүсийг уг хэрэгт холбогдуулж шалгахаар болж буй тухай мэдээлэл гарч байсан ч өнөөдрийг хүртэл хэргийг шалгаж байгаа гэсэн тайлбарыг хууль хяналтынхан өгсөн хэвээрээ байна. 

 Хүүгийн нэмэлт төлбөрийг зогсоох асуудлаар хэлцэл хийхийг үүрэг болгов

 
Эрдэнэт үйлдвэр, гэрэл зургийг MPA.mn

2017-2018 он.  Стандарт банк нь 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр Английн Худалдааны Дээд шүүхэд хандан “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн хөрөнгийг хураах, битүүмжлүүлэх талаар захирамж гаргуулах хүсэлт гаргасныг тус шүүх 2017 оны 11-р сарын 17-ны хуралдаанаар хэлэлцээд хүсэлтийг хангаж шийдвэрлэжээ.

Өөрөөр хэлбэл “Эрдэнэт”-ийн хөрөнгийг хураах, битүүмжлэх захирамжийг гаргасан юм. Тэгвэл манай улсын Засгийн газрын зүгээс “Эрдэнэт үйлдвэр” ХХК-д холбогдох олон улсын арбитрын шүүхийн шийдвэртэй холбоотой асуудлын тухайд үндсэн зээлийн төлбөрийг тохирч барагдуулах, мөн хүүгийн нэмэлт төлбөрийг зогсоох асуудлаар Стандарт банктай нэн даруй хэлцэл хийхийг “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгоод байна.

Үүнээс гадна манай улсын төрийн өмчийн томоохон компани болох УБТЗ-ын хэрэг Монголын шүүх дээр шалгагдаж байгааг сануулах нь зүйтэй. Хэрвээ шүүх дээр УБТЗ ялагдвал манай улс Эрдэнэт үйлдвэрийн төлбөрөөс гадна 30 гаруй сая ам.долларыг төлөх шаардлагатай болно. 

Английн шүүхээс УБТЗ-ыг барьцаалан зээл авсан асуудлыг Монголын хууль тогтоомжоор шийдвэрлэх боломжтой хэмээн шийдвэр гаргахад оролцсон хуулийн фирмийн төлөөлөлд манай улсын нөлөө бүхий улстөрчдийн хамаатан садан багтжээ. 

Хэрэг үйлдсэн этгээдүүд ялгүй хоцрох уу? 

УБТЗ болон Эрдэнэт үйлдвэрийг барьцаанд тавьж Стандарт банкнаас зээл авахад хэн хэн оролцсон бэ гэдгийг ил болгох шаардлагатай байна. Ингэхдээ тухайн хэргийн хөөн хэлэлцэх хугацааг дуусахаас өмнө энэ асуудлыг эцэс болгохгүй бол хэн ч хариуцлага хүлээхгүй үлдэж мэднэ.

Тухайн хэргээр ял сонсгох зүйл заалтынхаа хэмжээнээс хөөн хэлэлцэх хугацаа нь хамаардаг байна. Өөрөөр хэлбэл хүнд ял оногдох хэргийн хөөн хэлэлцэх хугацаа урт байх юм. Харин хөнгөн ялтай хэргийн хөөн хэлэлцэх хугацаа нь богино байна.

УБТЗ-ын Стандарт банканд  барьцаалах гэрээнд 2011 онд анх гарын үсэг зурсан гэвэл үүнээс хойш 7 жил өнгөрчээ. Уг хэргийг шалгаад, шүүхээс шийдвэр гарсаар байтал хөөн хэлэлцэх хугацаа нь дуусах магадлалтай. Ингэснээр хэрэг үйлдсэн этгээдүүд ял авахгүйгээр үлдэж ч болох нь.

Улсын өмчийг хувийн компанийн зээлийн барьцаа болгох гэрээнд гарын үсэг зурсан Т.Очирхүү л гэхэд УБТЗ хувь нийлүүлсэн нийгэмлэгийн замын даргын зөвлөхөөр ажиллаж байна.

 Төрийн өмчийн компанийг барьцаалсан хүмүүс ялгүй хоцорч, Стандарт банкнаас авсан зээлийн өрийг бид төлөх нь шударга явдал мөн үү?