Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/03/05-НД НИЙТЛЭГДСЭН

Таван сар үргэлжилсэн гацалт төгсгөл болж, Ангела Меркель канцлерийн албыг хашихаар боллоо

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 3 сарын 5
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр Германы Социал Демократ намын гишүүдийн олонх Ангела Меркелийн тэргүүлсэн эвслийн засгийн газарт орж ажиллах сонголт хийснээр таван сар үргэлжилсэн тодорхойгүй байдал өндөрлөлөө.

Ингэснээр 2013 оноос хойш Германыг удирдаж байсан “их эвсэл” дахин улс орноо засаглахаар болж байна.

Мөн Ангела Меркельд дөрөв дэх удаагаа канцлериар ажиллах боломж олгож байгаа юм. Европын хамгийн том эдийн засагтай Герман улс сүүлийн таван сарын турш засгийн газаргүй байсан нь дэлхийн хоёрдугаар дайнаас хойшх хамгийн урт хугацаа байв.

Өнгөрсөн оны парламентийн сонгуулиар хэт барууны хүчнүүдэд ялагдсан Социал Демократуудын дунд “их эвсэл”-ийг үргэлжлүүлэх эсэх талаар ширүүн маргаан өрнөсөн юм.

Ингээд эцэст нь тус намын 464,000 гишүүний 66 хувь эвслийн засгийн газарт орохыг дэмжсэн байна.

Энэ долоо хоногт парламентийн чуулган хуралдаж, Ангела Меркелийг канцлерийн суудалд томилох төлөвтэй байгаа юм.

Социал Демократуудын шийдвэрийн дараа Меркель “Социал Демократ намынхан болон тэдний шийдвэрт талархаж, улс орныхоо сайн сайхны төлөө хамтран ажиллах болсондоо баяртай байна” гэж мэдэгдсэнийг түүний тэргүүлдэг Христийн Ардчилсан намын твиттер хуудсанд өгүүлжээ.

Меркель канцлерийн тангаргаа энэ сарын дундуур өргөж, засгийн газраа яаралтай эмхлэн байгуулах төлөвлөгөөтэй байна.

 

Эх сурвaлж: Independent