Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/03/02-НД НИЙТЛЭГДСЭН

Нийтийн тээврийн автобус эвдэрч зогссоноос замын түгжрэл үүсгэх тохиолдол олон гарч байна

С.Бадрал, iKon.mn
2018 оны 3 сарын 2
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Замын хөдөлгөөний ачаалал нь олон хүчин зүйлээс шалтгаалдаг. Тухайлбал, нийтийн тээврийн үйлчилгээнд явж байгаа том оврын автобуснуудыг үйлчилгээнд гаргахдаа техникийн бүрэн бүтэн байдал хангасан эсэхийг шалгахгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулснаар эвдэрч замын хөдөлгөөнд саад учруулж, зарим тохиолдолд зохиомол ачааллыг бий болгож байна.

Сүүлийн тав хоногт замын хөдөлгөөнд оролцож байсан “Тэнүүн огоо” ХХК, “Эрдэм транс” ХХК, “ГБУС” ХХК зэрэг байгууллагуудын 11 том оврын автобус нь хөлдсөн, тормоз нь зуурсан, хий хураахгүй болсон зэргээс шалтгаалж эвдэрч замын зорчих хэсэгт зогссон байсныг Замын цагдаагийн албанаас хариуцсан ажилтан нарт нь шуурхай мэдэгдэн шилжүүлжээ.

Өчигдөр л гэхэд /2018.03.01/ үйлчилгээнд явж байсан том оврын 6 автобус эвдэрч 1-2 цаг зам дээр зогссоноос тухайн зам дээр болон ойр орчмын автозамуудад хөдөлгөөний ачаалал нэмэгдсэн.

Иймд нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлж байгаа аж ахуйн нэгж, байгууллагууд том оврын автобуснуудыг үйлчилгээнд гаргахдаа техникийн бүрэн бүтэн байдлыг хангасан эсэхийг тогтмол шалгаж, эвдрэл гэмтэлтэй үед үйлчилгээнд гаргахгүй байхад онцгой анхаарах шаардлагатай байна гэж Замын цагдаагийн албанаас мэдээллээ.