Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/03/02-НД НИЙТЛЭГДСЭН

"Амралтын өдрүүдэд болох зөгийчдийн өдөрлөгийн үеэр ажлын байранд зуучилна"

Т.Саран, iKon.mn
2018 оны 3 сарын 2
iKon.MN
 
Гэрэл зургийг mpa.mn

“Монголын зөгийчдийн нийгэмлэг”, “Аравт бизнес нэгдэл” ТББ хамтран  “Монголын зөгийн аж ахуйн кластер” старт-ап бизнес уулзалтыг зохион байгуулах талаар өнөөдөр мэдээлэл хийлээ. 

“Монголын зөгийчдийн нийгэмлэг”-ийн зөвлөх М.Нарантуяа “Өнгөрсөн 9 сард Дэлхийн зөгийчдийн нийгэмлэгээс зохион байгуулсан уулзалтад “Монголын зөгийчдийн нийгэмлэг” ийн төлөөлөл оролцсон. Зөгийн балыг савлаад хадгалах явцад маш олон өөрчлөлтүүд явагдаж байдаг.

Хэрэглэгчид энэ амралтын өдрөөр тус уулзалтад ирснээр зөгийн балтай холбоотой танин мэдэхүйн заавар зөвлөгөөг мэргэжлийн хүмүүсээс авах боломжтой.

Зөгийн аж ахуй байгаль экологид ээлтэй. Энэ аж ахуйг төрийн зүгээс бодлогоор дэмжиж өгөөсэй гэж хүсэж байна" гэлээ. 

Манай улс 250-300 мянган тонн орчим зөгийн балыг бэлтгэж байна

 
Гэрэл зургийг mpa.mn

“Монголын зөгийчдийн нийгэмлэг”-ийн зөвлөх Х.Отгонбилэг “Байгаль түүний баялгийн талаар олон арван баримт материал, уламжлалыг эртний өвгөд үлдээсний дотор зөгийн аж ахуй багтаж ирсэн.

Өнөө үед балт зөгийг үржүүлэх түүний бүтээгдэхүүнийг ашиглах талаар дэлхий даяар анхаарч байгаа.

1959 оноос Монгол оронд орчин үеийн олон давхраат зөгийн аж ахуйг эрхлэх болсон. Сүүлийн үед зөгийн аж ахуй сэргэх шатандаа ороод байна.

Увс, Ховд, Архангай зэрэг аймагт 50 орчим цэгт 16 мянган бүлэг зөгийг үржүүлж, 250-300 мянган тонн орчим зөгийн балыг бэлтгэж байна. Монгол орны балт ургамлууд эмийн өндөр ач холбогдолтой. 

"Монголын зөгийн аж ахуйн кластер” старт-ап бизнес уулзалтаар зөгийн аж ахуй эрхэлж байгаа, эрхлэх гэж буй болон хэрэглэгчдийг оролцуулж хийх гэж буй ажлынхаа талаар ярилцана. 

Тус уулзалтыг “Гайхамшгийг хамтдаа бүтээцгээе” уриан дор зохион байгуулж байгаа юм байна. 

Уулзалтын үеэр байгалийн гаралтай зөгийн балыг худалдаална. Түүнчлэн зөгийн аж ахуйд ажиллах сонирхолтой хүмүүсийг ажлын байранд зуучилна.

Монголын зөгийн балыг тодорхойлох судалгаа эрчимтэй явагдаж байгаа. Манай улсын зөгийн бал дэлхийн брэнд болох бүрэн боломж бий. 

Шингэрүүлсэн сироп хэлбэртэй хуурамч 3,000 мянган тонн зөгийн бал гадаадаас манай улсад хилээр орж ирж байна. Иргэд маань баталгаажсан зөгийн балыг худалдаж авч хэрэглэх нь чухал байна” гэв.

“Монголын зөгийн аж ахуйн кластер” старт-ап бизнес уулзалт гуравдугаар сарын 3, 4 буюу энэ амралтын өдрүүдэд ХУД, ажилчдын гудамж, “Star Window” ХХК-ийн / Дулааны III цахилгаан станцын зүүн талд “Гоё тараг” үйлдвэрийн хойд/ байранд 09:00-18:00 цаг хүртэл болно. 

Зөгийн аж ахуй эрхлэгчид өрхийн үйлдвэрлэлийн түвшинд байна

 
Гэрэл зургийг mpa.mn

“Аравт бизнес нэгдэл” ТББ-ын Удирдах зөвлөлийн дарга Д.Болдбаатр “Зөгийн аж ахуй эрхлэгчид одоогоор өрхийн үйлдвэрлэлийн түвшинд байгаа.

Бид цаашид үүнийг аж ахуйн түвшинд хүргэхийг зорьж байна.

Зөгийн аж ахуй эрхэлж байгаа хүмүүсийн тоо 600 орчим байна. Хэрэглэгчид зөгийн бал гэсэн нэртэй болгоныг авч хэрэглэж байна.

Хэрэглэгчдийг зөгийн бүтээгдэхүүний талаар нэгдсэн ойлголттой болоход энэ уулзалтын бас нэг зорилго оршиж байгаа” гэлээ.