Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/03/02-НД НИЙТЛЭГДСЭН

Жижиг, дунд эмийн сангууд нэгдэж "Централ фарм" брэндийг нээснээ танилцууллаа

Б.УЧРАЛ, iKon.mn
2018 оны 3 сарын 2
iKon.MN
Зураг зураг

Монголд үйл ажиллагаа явуулж буй бие даасан эмийн сангуудыг хөгжүүлэх, эм хангамжийн стандартыг хэрэгжүүлэх, чадавхийг бэхжүүлэх зорилгоор 22 эмийн сан нэгдэж “Централ фарм” брэндийг нээж байгаа талаар Монголын эмийн сангуудыг дэмжигчдийн холбооноос мэдээлэл хийлээ. 

Эмийн сангууд нэгдсэнээр бие биенээсээ суралцаж, үйлчилгээгээ сайжруулах, олон улсын жишиг эмийн сангийн стандартыг бий болгох боломжтой юм байна.

Энэ талаар Монголын эмийн сангуудыг дэмжигчдийн холбоо ТББ-ын дэмжигч П.Эрдэнэтулга "Эмийн салбар нь хүн амын эрүүл мэндтэй холбоотой онцгой салбар. Бид жижиг, дунд, бие даасан эмийн сангуудыг хөгжүүлэх, сургах, бизнесийг нь чадавхжуулах, олон улсын стандартыг хэрэглэгчдэд хүргэхийг чиглэж ажилладаг. 

“Централ фарм” төслийн хүрээнд эмийн сангууд нэгдэж, түншилж ажиллаж эхэллээ. Энэ нь эм зүйн салбарт гарч буй цоо шинэ үзэгдэл юм.

Цаашид бид эмийн сангууд дээр хийхээр төлөвлөсөн олон дэвшилтэт ажил байна. Бид зөвхөн хаяг, реклам, дотор заслыг өөрчилснөө хөгжүүлсэн гэхгүй. Өөрчлөлтийг илүү хариуцлагатай, мэргэжлийн түвшинд хийнэ. Өнөөдрөөс “Централ фарм”-Тухайн эмийн сангийн нэр бүхий эмийн сангуудаар та бүхэн үйлчлүүлээрэй.

Мөн хамгийн чухал нь бид жор баригчийн ёс зүй, соёлтой холбоотой өндөр стандарт бий болгож байгаа. Мөн эмийн хадгалалт, технологийн горимын хувьд эргэлзэх хэрэг байхгүй. Бид Мэргэжлийн хяналтын байгууллага болон салбарын төрийн байгууллагуудтай хамтран ажилладаг" гэв.  

Монголын эмийн сангуудыг дэмжигчдийн холбоо ТББ-ын ТУЗ-ийн гишүүн Д.Дашдулам "Эм зүйн салбар бол эрүүл мэндийн салбарын амин чухал хэсэг. Эмийг зөв зохистой хэрэглэснээр өвчтөнд үзүүлэх үйлчилгээ илүү чанартай болно.

Эмийг замбараагүй хэрэглэснээр хор болдог тул эм зүйч бид иргэдийн эрүүл мэндийн манаанд өөрийн сэтгэл зүрх, мэдлэг чадвараа дайчлан ажилладаг. Тиймээс бусад эмийн сангуудыг бидэнтэй нэгдэж хамтран ажиллахыг уриалж байна" гэв. 

"Централ фарм" брэндэд нэгдэх нь бусад эмийн сангуудад нээлттэй, гэхдээ тодорхой хэмжээний сонгон шалгаруулалт хийнэ гэдгийг тэд онцолж байсан юм.