Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/03/02-НД НИЙТЛЭГДСЭН

Ард академийн санхүүгийн боловсрол олгох сургалт эхэллээ

Т.Саран, iKon.mn
2018 оны 3 сарын 2
iKon.MN
Зураг зураг

Ард академийн санхүүгийн боловсрол олгох сургалт эхэллээ. Энэ талаар "Ард Академи" ТББ-ын тэргүүн Ц.Должинтой ярилцлаа. 

-Сургалт хэзээнээс эхлэх вэ? Өмнө нь санхүүгийн боловсролын сургалт зохион байгуулж байсан уу?

-Гуравдугаар сарын 3-наас буюу энэ Бямба гарагт сургалт эхлэх долоо хоног бүрийн Бямба гарагт 11:00 цагаас тогтмол явагдана. Хамгийн эхний сургалт хувийн санхүү гэсэн сэдвээр хийхээр төлөвлөөд байна.

Өнгөрсөн жилээс энэ төрлийн сургалт зохион байгуулж эхлээд нийт 3,500 гаруй хүнд мэдээлэл хүргэж байсан.

Өмнөх сургалтуудын хувьд нэг дор хэтэрхий их мэдээлэл өгдөг нь дутагдалтай байсан тул  бид энэ удаагийн сургалтаа илүү системчилж багц сургалтын төлөвлөгөө гаргаад байгаа.

-Сургалтын хүрээнд хэчнээн хичээлүүд орох болон агуулгын талаар мэдээлэл өгнө үү?

-Хувийн санхүү сэдэв маань дэд 3 сэдвийг багтаасан байгаа.

Өрх айлыг компани гэж үзвэл тухайн өрх ч мөн санхүүгийн хувьд ашигтай байх ёстой. Мөн хуримтлал, тодорхой хэмжээний нөөц хөрөнгөтэй байх хэрэгтэй. Хувь хүн, өрх айл орлого зарлагаа яаж дүгнэж байна вэ?

Одоо байгаа орлого нь хүрэхгүй байгаа бол ямар байдлаар ирээдүйд хуримтлалтай болох вэ? Үндсэн цалингаас гадна тухайн хүмүүсийг гэртээ амарч байхад, үндсэн ажлаа хийж байхад ч өсөж байдаг нэмэлт орлогыг хэрхэн бүрдүүлэх вэ зэрэг мэдээллийг эхний хичээлээр хүргэнэ.

Өнөө үед айл өрх болгон зээлтэй. Зарим айл зээлээ зөв зүйлд зарцуулаад эргэн төлөлт нь асуудалгүй байдаг бол харин зарим нь өрөнд ороод, нэмээд зээл авах зэрэг буруу хэрэглээ их байдаг. Иймд зээлийн зөв зохистой хэрэглээний талаар хичээл орно.

Хувьцаа, бондоос гадна хөрөнгө оруулалтын олон боломжууд байдаг. Эдгээрийн талаарх мэдээллийг мөн өгнө.

-Харин дараагийн сургалтуудаар ямар мэдлэг мэдээллийг иргэдэд өгөхөөр төлөвлөөд байна вэ?

-Хоёр дахь хичээлийг эрсдэлийн  удирдлага талаас заана. Бүх хөрөнгө оруулалтууд эрсдэлтэй. Тухайн эрсдэлүүдийг яаж хааж болох, эрдслийг хэрхэн үнэлж дүгнэх тухай хичээл орно. Үүнд хөрөнгө оруулалтын эрсдэл, зээлийн эрсдэл мөн даатгалаар хэрхэн эрсдэлээ бууруулж болох тухай мэдээлэл хүргэнэ.

Харин гурав дахь хичээл санхүү, хөрөнгө оруулалтын төлөвлөлт сэдвээр явагдана. Яаж үр ашигтай хөрөнгө оруулалт хийх вэ, хөрөнгө оруулалтын багцаа хэрхэн бүрдүүлэх, урт болон богино хугацааныхаа зорилгыг хараад илүү үр дүнтэй байх хөрөнгө оруулалтуудад хөрөнгөө байршуулж, арилжаанд яаж оролцох вэ зэрэг мэдээллийг өгнө.

Анхан шатны сүүлийн сургалт шинэ цагийн банк гэсэн сэдвийн хүрээнд явагдана. Сүүлийн үед хамгийн их яригдаж байгаа финтек (FinTech), биткойн, блокчэйн технологи санхүү, хөрөнгийн зах зээлийн салбарт ямар өөрчлөлтийг авчирч байгаа талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө.

Мэдээж шинэ технологи, шинэ валют тодорхой хэмжээний эрсдэлийг дагуулж байгаа. Энэ талаарх мэдээллийг эрсдлийн удирдлага хичээл дээр өгөөд, технологи, зах зээл талаас нь 4 дэх хичээл дээр орно.

Биткойнд хүмүүс богино хугацаанд их хэмжээний ашиг олох зорилгоор сүлжээнд орж байгаа юм шиг хөрөнгө оруулж байна. Зарим оны сүүлд хөрөнгө оруулсан хүмүүс богино хугацаандаа алдагдал хүлээгээд байгаа. Гэхдээ энэ нь бидний амьдралыг өөрчлөх шинэ зүйлс. Иймээс зөв ойлголтыг хүмүүст өгөх, Монголчууд үүнээс хэрхэн хоцрохгүй байх талаарх мэдээллийг өгөхөөр төлөвлөөд байна.

-Сургалт үнэ төлбөрийн хувьд ямар байгаа вэ? Бас хаяг байршлыг танилцуулахгүй юу?

-Нэг сургалтын үнэ 20 мянган төгрөг. Харин нийт 4 сургалтад суух бол багц сургалтын үнэ 60 мянга. Сүхбаатар дүүрэг, Ард Холдингсийн байранд сургалт явагдана. 

 

-Анх уг сургалтыг ямар зорилгоор зохион байгуулж эхэлсэн бэ?

-Манайх хөрөнгө оруулалт хийдэг Санхүүгийн Нэгдэл компани. Харилцагч нартаа бүх төрлийн хөрөнгө оруулалтын хэрэгслийг санал болгодог. Харилцагч нараа боловсруулснаар мэдээлэлтэй хүмүүс хөрөнгө оруулалтын зах зээлийг илүү сонирхоно.

Бүх хүмүүс энэ талын зөв мэдлэгтэй, мэдээлэлтэй болчихвол зах зээл ч тэлэх боломжтой.

Монголчуудын хувьд санхүүгийн боловсрол дутмаг байгаа. Тиймээс ганцхан манайх ч биш олон байгууллагууд сургалт хийдэг болсон.

-Анхан шатны сургалтын дараа дараагийн шатны сургалт бий юу?

-Анхан шатны сургалт дууссаны дараа дунд шатны сургалтыг зохион байгуулна. Дараагийн шатны сургалтад сууснаар компанийн санхүүгийн тайланг хараад төлөв байдлыг ойлгодог болох, компанийн засаглал гэдэг ямар чухал ойлголт болох талаар, мөн хувьцааны хялбар шинжилгээ хийгээд зах зээл дээр байгаа үнийг, үнэлгээтэй нь харьцуулах зэрэг чадварыг эзэмшүүлнэ.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.