Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/03/02-НД НИЙТЛЭГДСЭН

Владимир Путин цоо шинэ зэвсгээ танилцуулж, Өрнөдийнхөнд сануулга өглөө

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 3 сарын 2
iKon.MN
Зураг зураг

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин өчигдөр буюу Пүрэв гарагт Холбооны Хуралд тавьдаг жил тутмын илтгэлээ танилцууллаа.

Энэ удаагийн илтгэл нь ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт болохоос хоёр долоо хоног орчмын өмнө болж байгаагаараа онцлог юм. Хоёр цаг үргэлжилсэн илтгэлдээ Путин Оросын цоо шинэ стратегийн зэвсгийг үзүүлж, Өрнөдийн орнуудад анхааруулга өглөө. Тэр бас ойрын жилүүдэд улс орныхоо эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлж, иргэдийнхээ амьдралын стандартыг сайжруулахаа амласан байна.

Гуравдугаар сарын 18-нд болох ОХУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Путин долоон нэр дэвшигчтэй өрсөлдөж, дөрөв дэх удаагаа сонгогдох зорилготой байгаа юм.

Өчигдөр тэр АНУ дэлхий даяар пуужингаас хамгаалах системээ нэмэгдүүлж байгаагийн хариуд ямар ч хамгаалалтын системд баригддаггүй шинэ пуужинг танилцуулсан байна. Сармат нэртэй тив алгасах баллистик пуужин нь “тусгалын хязгаар байхгүй”, “хойд ба өмнөд туйл дээгүүр харвах боломжтой”, “баллистик пуужингийн стандарт траекторын дагуу нисдэггүй тул ямар ч хамгаалах системийг нэвтлэн гарах чадвартай” болохыг видео дүрс ашиглан танилцуулжээ.

Бас орчин үеийн шумбагч хөлгүүд, тэнгисийн хөлгүүдээс хурдтайгаар усан доогуур маш гүнд явдаг зэвсэг бүтээснээ Путин үзүүлсэн байна. Мөн дуунаас хурдан пуужин бүтээсэн байна.

Тухайлбал Кинжал нэртэй пуужингийн систем нь дуунаас 10 дахин хурдтай бөгөөд нислэгийн турш маневр хийх боломжтой, 2,000 гаруй киломтер зайнд цөмийн цэнэгт хошуу тээвэрлэх чадалтай гэнэ. Авангард нэртэй өөр нэг пуужин нь дуунаас 20 дахин хурдан нисэж, тив алгасан цохилт өгөх чадвартай ажээ.

ОХУ-ын хил дагуу НАТО пуужингаас хамгаалах системээ байршуулж эхэлсэн 2004 онд Москва хариу арга хэмжээ авахаа амлаж байсныг Путин сануулаад “Тухайн үед бидэнтэй хэн ч ярихыг хүсээгүй, биднийг сонсоогүй. Харин одоо биднийг сонс!” гэж хэлсэн юм.

Илтгэлийн дараа өрнөдийн хэвлэлүүд Путиныг Хойд Солонгос маягийн сүрдүүлэг хийлээ, зэвсэглэлээр хөөцөлдөх уралдааныг эхлүүллээ хэмээн шүүмжилж байна. Мөн пуужингийн ажиллагааг үзүүлсэн видео дүрслэлдээ АНУ-ын Флорида мужид цохилт өгч байгаагаар дүрсэлснийг хэвлэлүүд мэдээлжээ.

Эх сурвалж: Russia Today, Xinhua, Mashable