Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/03/04-НД НИЙТЛЭГДСЭН

ГУРАВДУГААР САРЫН 4: Инновацийн үед том санаагаа онцол

ikon.mn
2018 оны 3 сарын 4
iKon.MN
 

-Шинэчлэлийн санаанууд нь яг л мэлхийний өндөгнүүдтэй адил. Хэдэн мянган түрсээс зөвхөн нэг хоёр нь л нас бие гүйцсэн мэлхий болдог-

Шинийг санаачлагч байгууллагууд инноваци шинэ санаанаас эхэлдэг гэдгийг мэддэг. Шинэхэн санаанууд нь ихэвчлэн яг л дөнгөж төрсөн хүүхэд мэт жигтэйхэн, түүхий бас хэлбэр дүрсгүй байдаг бөгөөд хэрэгжүүлэлт гэхээсээ илүү амлалт төдий зүйлс юм.

Шинийг санаачлагч байгууллагуудын удирдлагууд "Энэ ямар тэнэг санаа вэ?" гэж хэлэхээсээ илүү "Энэ нялх, хагас түүхий, тэнэгдүү гэмээр санааг хэрхэн бүрэн гүйцэд санаа, өөрөөр хэлбэл бидэнд ашигтай боломж болгож хэрэгжүүлэх вэ?" гэж асуудаг.

Мөн шинийг санаачлагч байгууллагуудын гаргасан шинэ санаануудын ихэнх нь ямар ч утгагүй зүйл болж хувирна гэдгийг тэд сайтар мэддэг. Тиймээс удирдлагууд нь шинийг санаачилсан хүнээсээ санаагаа ажил хэрэг болгож бүтээгдэхүүн, үйл явц, бизнес, эсвэл технологийн болгох талаас нь сайтар нарийвчлан үзэхийг шаарддаг.

Тэд компанийн зүгээс энэхүү санааг ажил хэрэг болгохын өмнө "Бид ямар ажил хийх ёстой вэ?", "Юуг олж мэдэх шаардлагатай вэ?" гэдэг асуултуудыг үргэлж тавьдаг. Тэд иймэрхүү жижиг санаануудыг бодит амжилт болгох нь том хэмжээний инновацитай адил хэцүү бөгөөд эрсдэлтэй гэдгийг мэддэг. Тэд бүтээгдэхүүн, технологийн өөрчлөлт, сайжруулалт биш харин шинэ бизнесийг үүсгэн санаачлахыг зорьдог.

ГҮЙЦЭТГЭХ ЗҮЙЛ: Санаандаа орсон хамгийн шилдэг гурван санааг жагсаан бич. Тэгээд эдгээр шинэ санаануудаа бизнес болгон дэлбээлүүлэхийн тулд мэдэх шаардлагатай чухал мэдээллүүдээ цуглуулаад, хийх хэрэгтэй гол ажлуудаа жагсаан бичээрэй. Одоо санаагаа хэрэгжүүлэх л үлдлээ. Аль нь ч боломжийн санаа биш байвал дахин эхлээрэй.

 

XX зууны менежментийн нөлөө бүхий эрдэмтэн, онолч Питэр Ф.Дракерын  зөв зүйлийг хийх урам зориг, шинэ санаа өгөх 366 өдрийн хичээл буюу "Өдөр бүр Дракертай хамт" номыг iKon.mn зохиогчийн эрхийн зөвшөөрлийн дагуу гурван сарын турш цуврал болгон уншигч танд хүргэхээр бэлдлээ.