Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/03/01-НД НИЙТЛЭГДСЭН

“Шарк Танк”-уудын голсон төслийг Амазон компани тэрбумаар худалдан авчээ

Р.Түвшин, iKon.mn
2018 оны 3 сарын 1
iKon.MN
Зураг зураг

2013 оны арваннэгдүгээр сард АНУ-д цацагдсан “Shark Tank” телевизийн шоунд Жэми Симиноф гэдэг залуу оролцож “ухаалаг хаалганы хонх” бүтээх төслөө танилцуулж байв.

Тухайн үед шүүгч нар түүний саналыг хүлээж авахаас татгалзаж, Жэми төслөө цааш ганцаар үргэлжлүүлэхээр болжээ. Гэтэл хоёр хоногийн өмнө түүний байгуулсан Ring нэртэй компанийг онлайн худалдааны аварга компани Амазон $1 тэрбумаар худалдан авсан байна.

“Шарк Танк” шоунд оролцож байхдаа Жэми тухайн үед “DoorBot” нэртэй байсан компанийхаа 10 хувийг $700,000-аар зарах санал тавьж байжээ.

Тэр компаниа $7 саяар үнэлж байсан юм.

Нэг жилийн өмнө Шарк Танкийн шүүгч нараас ABC News сувгийн хөтлөгч шоуны үеэр татгалзсан ямар төсөлд харамсаж явдгийг асуухад Симинофийн саналыг хамгийн эхэнд нэрлэж байжээ. Тухайн үед Ring компанийн зах зээлийн үнэлгээ $460 саяд хүрээд байсан ба “Shark Tank” шоунд оролцсон компаниудаас хамгийн өндөр үнэлгээнд хүрсэн тохиолдол гэж мэдээлж байв.

Одоо тус компанийн бүтээсэн хаалганы видео хонх нь хэрэглэгчдэд гэрийнхээ дотроос ч гаднаас ч ирсэн зочныг гар утаснаасаа харах боломж олгодог. Хаалганд ойртсон хэн нэгний хөдөлгөөнийг мэдрээд видео дүрсийг нь Wi-Fi сүлжээгээр эзнийхээ гар утсанд дамжуулдаг юм. Амазон компани сүүлийн үед гэр, орон байрны аюулгүй байдал, хамгаалалтын шийдэлд анхаарал хандуулах болсон. Тэд саяхан Amazon Key нэртэй систем бүтээсэн нь Амазон компанийн барааг эзэнгүй байгаа айлд оруулж тавих зориулалттай байв.

Ring компанийн видео хонхтой үүнийг хослуулснаар илүү төгс  үйлчилгээ үзүүлнэ гэж тэд тооцсон байна.

 

Эх сурвалж: Quartz