Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/03/01-НД НИЙТЛЭГДСЭН

Өмнөд Солонгос долоо хоногийн ажлын цагийг 68-аас 52 болгож буурууллаа

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 3 сарын 1
iKon.MN
Зураг зураг

Иргэдийнхээ амьдралын чанарыг дээшлүүлж, ажлын байрыг нэмэгдүүлэх үүднээс Өмнөд Солонгосын парламент долоо хоногийн ажлын цагийг бууруулах хуулийг баталлаа.

Долоо хоногийн ажлын цагийн дээд хязгаар 68 байсныг 52 болгон бууруулах хуулийг тус улсын үндэсний ассемблейн гишүүдийн олонх нь дэмжжээ.

Шинэ хууль ирэх долдугаар сараас хэрэгжих ба эхлээд том компаниуд, дараа нь жижиг аж ахуйн нэгжүүд хэрэгжүүлэх гэнэ. Энэ бол Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Мүүн Жэ Иний сонгуулийн амлалтуудын нэг юм. Тэр бас энэ онд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 16 хувиар нэмэгдүүлэхээр болоод байгаа.

Ажлын цагийг богиносгосноор хүн амын өсөлт нэмэгдэнэ гэж тооцжээ. Сүүлийн жилүүдэд Өмнөд Солонгост хүүхэд шинээр төрөх тохиолдол огцом буураад байгаа нь ажлын хэт дарамтаас болдог гэж үзэж байгаа.

1980-1990-ээд оны үед буюу Өмнөд Солонгосын эдийн засаг эрчимтэй өсөж байх үед цаг хэтрүүлэн ажиллах соёл төлөвшиж тогтсон юм. Өнөөдөр дэлхийн өндөр хөгжилтэй орнуудын дунд тус улс хамгийн урт ажлын цагтайд тооцогддог.

Судалгаагаар ойролцоо цалинтай мөртлөө Солонгосчууд Их Британи, Австралийн ажилчдаас жилд 400 цаг илүү ажилладаг нь тогтоогдсон.

Ажлын нэг долоо хоногийн стандарт цаг нь 40 бөгөөд шинэ хуулиар илүү цагийн хэмжээ 12-оос хэтрэх ёсгүй болж байна.

Одоо үйлчилж байгаа ажлын цагт таарсан бүтээмжийг хадгалж үлдэхийн тулд Өмнөд Солонгосын компаниуд жилд 12 их наяд воны ($11 тэрбум) зардал нэмж гаргахаар болж байгааг Солонгосын Эдийн Засгийн Судалгааны Хүрээлэн тооцоолж гаргажээ.

Өмнө нь ажлын цагийн хязгаарт захирагддаггүй 26 бизнесийн салбар байсныг мөн бууруулж 5 болгосон байна. 18 нас хүрээгүй иргэд долоо хоногт дээд тал нь 35 цаг ажиллах журамтай болжээ.

 

Эх сурвалж: The Guardian