Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/03/01-НД НИЙТЛЭГДСЭН

Монгол, АНУ-ын цэргийн албан хаагч, тэдний гэр бүлд цэргийн эмнэлэг үнэгүй үйлчилнэ

Ж.Хулан, iKon.mn
2018 оны 3 сарын 1
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

АНУ-ын Батлан хамгаалахын дэд сайд Рэндал Шрайвер Монгол Улсад айлчилж байгаа. Айлчлалын үеэр яригдсан асуудлын талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

АНУ-ын Батлан хамгаалахын дэд сайд Рэндал Шрайвер "Миний амьдрал Монгол Улстай олон жилийн өмнөөс холбогдсон. Одоогоос 20 гаруй жилийн өмнө АНУ-ын Элчин сайдын яаманд ажиллаж байсан. Түүнээс хойш ажил хэргийн шугамаар олон удаа ирэх завшаан тохиож байсан. 

Эдгээр он жилүүдэд олон амжилт, дэвшил гарсны дотор АНУ, Монгол Улсын харилцаа өргөжин тэлснээр өнөөдөр 30 дахь жилдээ золголоо. Танай улсад тогтсон ажил улам цэцэглэн хөгжиж, хоёр улсын БХЯ-ны салбарын харилцаа улам тэлжээ. 

Монгол Улсын гоо үзэсгэлэн миний сэтгэлийг ямагт татсаар ирсэн. Түүнээс ч илүүтэйгээр монгол түмний өгөөмөр зан чанар миний сэтгэлийг татдаг юм. Хоёр орны батлан хамгаалах салбарын түншлэлд АНУ тууштай хэвээрээ байх нь аль аль талдаа өндөр ач холбогдолтойгоос гадна нийтлэг үнэт зүйлс, хамтын ашиг сонирхолд суурилсан гэдгийг онцлон тэмдэглэмээр байна. 

Бидний ихэнх нь Номхон далайн бүс нутаг амар амгалан тогтвортой байдлыг батлан хамгаалахын болон аюулгүй байдлын салбар дахь ойр дотны хамтын ажиллагаагаар олж, мөн хадгалж чадна гэдэгт итгэдэг. 

Монгол Улс Ази тивд төдийгүй, дэлхийн энх тайван тогтвортой байдал боломжоосоо хавьгүй их хувь нэмэр оруулж байгаа амар амгалан орны жишээ болсон. Та бүхэн бусад улс үндэстнүүдэд үлгэр дуурайл болж байгаа бөгөөд хүрсэн амжилт ололтоороо бахархах нь зүй ёсны хэрэг юм. 

Түүнчлэн Монгол Улс бүс нутагтаа энх тайван аюулгүй байдлыг дэмжихээс гадна түгшүүр үүссэн бусад улс оронд аюулгүй байдлыг авчирч байна. Монгол Улсын зэвсэгт хүчний Африк тивийн Судан, Конго, Баруун Сахар, Өмнөд Судан улсад байгаа НҮБ-ийн энхийг сахиулах ажиллагааг дэмжин оролцож ирсэн болон, үргэлжлүүлэн оролцож буй хувь нэмрийг АНУ тэмдэглэж байна.

2002 оноос хойш энхийг сахиулах ажиллагаанд Монгол Улсын оруулж буй хувь нэмэр нь та бүхний өгөөмөр зан, энх тайвныг баримтлах зарчмыг харуулахын сацуу танай улсын нэр хүндийг өргөж байна. "Хааны эрэлд" сургуулийг АНУ-ын номхон далайн цэргийн командын дэмжлэгтэйгээр жил бүр зохион байгуулдаг. 

Өнгөрсөн жил 25 орны 1,000 гаруй цэргийн албан хаагч оролцсон. Энэ нь маш том амжилт. Монгол Улсын зэвсэгт хүчин 2003 оноос НАТО болон эвслийн орнуудын хүчин чармайлтыг дэмжин Афганистанд өөрийн цэргийг үүрэг гүйцэтгүүлж байгаа нь тус улсыг тогтворжуулах, ард иргэд нь дарамт шахалтаас гарч, ирээдүйгээ тодорхойлох нөхцөлийг бүрдүүлэх зорилгод үнэтэй хувь нэмэр оруулж байна.

Өнөөдөр Монгол Улсын Зэвсэгт хүчний 233 албан хаагч үүрэг гүйцэтгэж байна. Тэдгээр дайчдын ур чадвар болон чин сэтгэлийг хамтран ажиллаж байгааг хүн бүхэн магтдаг юм. Даян дэлхийн энх тайван, аюулгүй байдлын үйл хэрэгт дэмжлэг үзүүлсээр байгаа монголын ард түмэнд талархлаа илэрхийлье.

Бүс нутгийн болон хоёр орны аюулгүй байдлыг дэмжсэн батлан хамгаалахын цаашдын үйл ажиллагааг тэлэх боломжуудыг үргэлжлүүлэн эрэлхийлнэ гэдгээ тэмдэглэн хэлмээр байна" гэлээ.

Монгол Улс, АНУ-ын хамтын ажиллагаа олон салбарыг хамран амжилттай урагшлан хөгжиж байна
 
Гэрэл зургийг mpa.mn

Батлан Хамгаалахын дэд сайд Т.Дуламдорж "Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, АНУ-ын Батлан хамгаалах яамны дэд сайд Рэндал Шрайвертай уулзаж, хоёр талын батлан хамгаалах салбарын харилцааны талаар санал бодлоо солилцож, цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар ярилцлаа.

Монгол Улсын БХЯ, АНУ-ын БХЯ хооронд байгуулсан хоёр орны цэргийн албан хаагч, тэдний гэр бүлийн гишүүдэд цэргийн эмнэлэг үнэ төлбөргүй эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх тухай хэлэлцээрт гарын үсэг зурж, баталлаа.

Хоёр орны харилцаа талуудын эрх ашигт нийцсэн, ард түмний найрсаг харилцааг гүнзгийрүүлэх, энх тайван, тогтвортой байдлыг сахин хамгаалах чухал үүрэг хүлээж ирсэн. Монгол Улс, АНУ-ын хамтын ажиллагаа олон салбарыг хамран амжилттай урагшлан хөгжиж байна.

Мөн хоёр оронд дипломат харилцаа тогтоосноос хойшх 31 жилийн хугацаанд Батлан хамгаалах салбар хамтын ажиллагаанд чухал үүрэг гүйцэтгэж байгааг талууд санал нэгтэй хэлж байна.

Энэ удаагийн айлчлалын хүрээнд Монгол Улсыг НҮБ-ын энхийг дэмжих ажиллагаа болон олон улсын цэргийн ажиллагааны оролцоонд баримталж буй цаашдын бодлогын талаар санал солилцлоо. Өөрийн нөөц бололцооны хэрээр олон улсын болон бүс нутгийн аюулгүй байдлыг хангах үйл хэрэгт идэвхтэй хувь нэмэр оруулагч байх нь манай улсын төрийн гадаад бодлогын нэн тэргүүний зорилтын нэг юм.

Энэ хүрээнд манай улс НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаа болон бусад олон улсын, мөн бүс нутгийн хэмжээний байгууллагуудын үйл ажиллагаанд  идэвхтэй оролцохыг эрмэлзэж байгааг уулзалтаар тэмдэглэсэн.  АНУ-ын зүгээс Монгол Улсын хүчин чармайлтыг байнга дэмжиж ирсэнд талархал илэрхийлсэн байгаа.

Түүнчлэн Монгол Улсын зэвсэгт хүчний энхийг дэмжих ажиллагааны чадавхыг нэмэгдүүлэх, бие бүрэлдэхүүнийг сургаж дадлагажуулах, энхийг сахиулах ажиллагаанд оролцох чадамжийг нэмэгдүүлэх бодитой дэмжлэг туслалцаа үзүүлж байгаад АНУ-ын төр засаг, ялангуяа АНУ-ын БХЯ-нд талархлаа илэрхийллээ.

Үүнээс гадна хоёр талын батлан хамгаалах салбарын харилцааны нэрийн хуудас болсон "Хааны эрэлд" сургуулийн ач холбогдлыг хоёр тал үнэлээд цаашид уг сургуулийг үргэлжлүүлэн зохион байгуулахад санал нэгтэй байгаагаа илэрхийллээ" гэсэн юм.

ФОТО: 

Гэрэл зургийг Mpa.mn

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг