Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/03/01-НД НИЙТЛЭГДСЭН

Н.Цэрэнбат: Нүүрсний хэрэглээг хоёр дахин багасгана

Б.Басхүү
2018 оны 3 сарын 1
MorninigNews.mn
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Засгийн газрын өчигдрийн ээлжит хуралдаанаар нийслэлийн нутаг дэвсгэрт түүхий нүүрс оруулахгүй байх тогтоол гаргажээ. Тэрхүү тогтоолд "Улаанбаатар хотын Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа цахилгаан, дулааны эрчим хүч үйлдвэрлэх тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжээс бусад иргэн, аж ахуйн нэгж, байгууллага түүхий нүүрс хэрэглэхийг 2019 оны тавдугаар сарын 15-ны өдрөөс эхлэн хориглосугай" гэжээ.

Түүхий нүүрсний хэрэглээг хязгаарлахтай холбогдуулан сайжруулсан түлшний эрэлт, нийлүүлэлт болон үнийн тэнцвэрт байдлыг хангах асуудлыг судалж долоодугаар сарын 1-ний өдрийн дотор шийдвэрлэхийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд нарт даалгасан байна.

Харин тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын дарга Н.Цагаанхүү нарт үүрэгджээ. Засгийн газар нийслэлчүүдийн хэрэглэж байгаа түүхий нүүрсний одоогийн хэрэгцээг 600 мянган тонн шахмал түлшээр солих бүрэн боломжтой гэж үзэж байна.

Халаалтын улиралд 4-5 тонн түүхий нүүрс хэрэглэдэг нэг өрх гурван тонн шахмал түлш хэрэглэнэ гэсэн үг юм. Энэ нь эдийн засгийн хувьд ч тухайн өрхөд ашигтай. Тухайлбал, Налайхын таван тонн нүүрсийг / тонн нь 1.70 мянган төгрөг/ 850 мянган төгрөгөөр худалдан авах бол гурван тонн шахмал түлш /тонн нь 220 мянган төгрөг/-ийг 660 мянган төгрөгөөр авснаар 190 мянган төгрөг хэмнэх тооцоо гарчээ. Түүхий нүүрсний хэрэглээг хориглож сайжруулсан шахмал түлшээр хангаснаар хорт утааны ялгарал их хэмжээгээр буурч, агаарын бохирдол эрс багасна гэж тооцоолжээ.

Гэр хорооллын 202 мянган өрх жилдээ 1.1 сая тонн түүхий нүүрс түлдэг бөгөөд ялгарч байгаа утаа нь агаарын бохирдлын 80 гаруй хувийг бүрдүүлдэг аж.

Энэ асуудлаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбатаас дараах тодруулгыг авлаа.

-Засгийн газрын хуралдаанаар ирэх оны тавдугаар сараас эхэлж Улаанбаатар хотод түүхий нүүрс оруулж ирэх болон хэрэглэхийг хориглосон тогтоол гаргалаа. Энэ талаар тодорхой мэдээлэл өгнө үү?

-Монгол Улсын Засгийн газраас агаарын бохирдол, утааг бууруулах арга хэмжээг авч, хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд өнөөдөр маш том шийдвэр гаргалаа. Ирэх оны тавдугаар сарын 15-наас эхлэн нийслэлийн Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа цахилгаан, дулааны эрчим хүч үйлдвэрлэх тустай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжээс бусад иргэн, аж ахуйн нэгж, байгууллага түүхий нүүрс хэрэглэхийг хориглосон. Энэхүү тогтоол нь хэрэгжиж эхлэхээсээ 14 сарын өмнө гарч байна.

Өөрөөр хэлбэл, иргэд болон аж ахуйн нэгжүүдийг дулааны алдагдлаа бууруулахгүй байх бэлтгэлээ эртнээс хийгээрэй гэж хэлж байгаа бас нэгэн дохио юм. Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлэх үүднээс сайжруулсан түлшний эрэлт, нийлүүлэлт болон үнийн тэнцвэртэй байдлыг хангах үүрэг хүлээсэн. Бид ирэх долоодугаар сарын 1-ний дотор Засгийн газарт эргэж танилцуулах даалгавар авлаа. Цаашид сайжруулсан түлшний стандартыг мөрдөж ажиллана. Ингэснээр агаарын бохирдол тодорхой хэмжээгээр буурна. Түүхий нүүрсний хэрэглээг хоёр дахин багасгана гэж тооцоолж байна.

-Сайжруулсан түлшийг ямар үнээр худалдах вэ. Ямар нэгэн тооцоо судалгаа хийсэн үү?

-Засгийн газраас нэг л чиглэл барьж байна. Сайжруулсан түлшийг түүхий нүүрсний үнээр зарах бодлого барьж ажиллаж байна. Харин Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо гуравдугаар сард хуралдана. Энэхүү хурлаараа цаашид сайжруулсан түлшийг нийлүүлэх аж ахуйн нэгж түүний борлуулалт болон бусад дагалдах ажлын чиглэлээ гаргах байх.

-Квот тогтоох уу?

-Тэгнэ. Би өнгөрсөн хугацаанд сайжруулсан түлш үйлдвэрлэдэг бүх аж ахуйн нэгжтэй уулзсан. Тэдэнд гэрээгээр квот өгнө. Гэрээний хугацаанд үүргээ биелүүлсэн аж ахуйн нэгжтэй гэрээгээ үргэлжлүүлнэ. Биелүүлээгүй бол гэрээгээ цуцална.

Зураг