Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/03/01-НД НИЙТЛЭГДСЭН

"Эрдэнэс Таван Толгой", "Эрдэнэс Монгол" -ын удирдлага солигдох уу?

Б.Ану
2018 оны 3 сарын 1
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Бидний хувьцааг нь эзэмшдэг компанийн захирал ажлаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн талаар мэдээлэл гараад байгаа юм. Тодруулбал,  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Ариунболд ажлаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн гэх мэдээлэл гараад байв. 

Д.Ариунболд нь Цагаан сарын баярын үеэрх мэндчилгээндээ "Эрдэнэс Тавантолгой" ХК 2017 онд 250 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан тухайгаа зарлаж байсан. Мөн тэрбээр 2018 оноос иргэдийн эзэмшдэг 1,072 хувьцааг эргэлтэд оруулахаар төлөвлөснөө хэлж байжээ.

Өнөөдөр "Эрдэнэс Таван Толгой" ХК-ийн (ЭТТ) ТУЗ хуралдана. Чухам ямар асуудал хэлэлцэх нь одоогоор тодорхойгүй байна. 

Эх сурвалжуудын мэдээлж буйгаар ЭТТ ХК-ийн толгой компани "Эрдэнэс Монгол"-ийн удирдлага ч удахгүй өөрчлөгдөж магадгүй мэдээллийг уул уурхайн салбарынхан мэдээлж байна. 

Монгол Улсын хоёр сая гаруй иргэний 1'072 хувьцааг эзэмшдэг ЭТТ компанийн удирдлага үнэхээр солигдох уу, үгүй юу, мөн зарим эдийн засагчийн хэлээд буйгаар нүүрсээ зах зээлийн үнээс хэт доогуур зарж байгаа гэсэн олон асуудал үүсээд байгаа юм.

Тавантолгойн нүүрсийг худалдан авдаг компанийн эзэн дэлхийн тэрбумтнуудын нэг болж, Форбес сэтгүүлийн жагсаалтад багтсан тухай мэдээллийг ч бид мөн хүргэж байсан билээ. 

Ажлаа хүлээлгэн өгөх өргөдөл гаргасан эсэхийг Д.Ариунболдын эргэн тойрны хүмүүс үгүйсгэсэн ч зарим эх сурвалж түүнийг удахгүй солигдоно гэх мэдээллийг батлав.