Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/02/28-НД НИЙТЛЭГДСЭН

Тайваний газар хөдлөлтөд нурсан байшингийн эзнийг баривчилжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 2 сарын 28
iKon.MN
Зураг зураг

Энэ сарын эхээр Тайваньд болсон газар хөдлөлтөд Хуален хотын дөрвөн байшин нурж, нийтдээ 17 хүн амиа алдсан юм.

Тэдний нэг болох 12 давхар Юн Цуй нэртэй барилга хагас нурж, хазайхад дотор нь байсан 14 хүн амь үрэгджээ. Хохирогсдын хамгийн сүүлийнх нь болох эх газрын Хятадаас ирсэн гэр бүлийн хоёр хүний цогцсыг энэ долоо хоногт гаргаж авсан юм.

Барилгыг бариулсан Лю гэгчийг цагдаа нар өчигдөр баривчилжээ. Тэрээр ямар ч мэргэжлийн бус хүн бөгөөд мэргэжлийн байгууллагаар бариулалгүй, өөрөө удирдаж бариулсан нь ийм гамшигт хүргэсэн гэж үзсэн байна.

“Тэр өөрөө ажилчид хөлслөн удирдаж бариулахдаа барилгын даац, газар хөдлөлтийг тэсвэрлэх чанарыг тооцоолоогүй байна” гэж прокурорын мэдэгдэлд өгүүлжээ. Тиймээс газар хөдөлж эхлээд ердөө 8 секунд болоход барилга нурсан байна.

Мөн барилгад үйл ажиллагаа явуулж байсан зочид буудал, рестораны хоёр эзнийг саатуулан байцааж байгаа гэнэ. Хэдийгээр баян чинээлэг, технологийн хөгжил сайн гэгддэг ч Тайваньд газар хөдлөлтийн үеэр барилга нурах үзэгдэл тасрахгүй байна. Тус арлын орчин үеийн хамгийн том газар хөдлөлт 1999 онд тохиолдоход 2,400 хүн амиа алдаж байв. Тухайн үед газар хөдлөлтийн хүч 7.6 магнитуд байсан юм. Сая хоёрдугаар сарын 6-нд тохиолдсон Хуалены газар хөдлөлт 6.4 магнитудын хүчтэй байжээ.

Тэр үеэс хойш барилга барих стандартыг шинэчилж, шаардлагыг өндөрсгөж эхэлсэн ч хуучны барилгууд эрсдэлтэй хэвээр байгаа ажээ.

 

Эх сурвалж: AFP