Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/02/28-НД НИЙТЛЭГДСЭН

У.Мөнхбаяр: Урт нэртэй хуулийг хэрэгжүүлэхэд саад болсон албан тушаалтнуудыг АТГ-т шалгуулна

Ж.Хулан, iKon.mn
2018 оны 2 сарын 28
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Улс төрчдийг АТГ-т шалгуулах асуудлаар төрийн бус байгууллагууд хамтран өнөөдөр мэдээлэл хийлээ.

Нэгдсэн Монгол Хөдөлгөөний Тэргүүн У.Мөнхбаяр "Гал үндэстэн холбоо гуравдугаар сарыг усны төлөө тэмцэх сар болгон ажиллаж байна. Бид "Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль" буюу урт нэртэй хуулийг хэрэгжүүлэхийг шаардаж байгаа. 

Түүнчлэн урт нэртэй хуулийг хэрэгжүүлэхэд саад болсон зарим албан тушаалтныг АТГ-т шалгуулахаар бэлдсэн. Урт нэртэй хууль зөвхөн салбарын асуудал биш Монгол Улсын оршин тогтнох нэн тэргүүний чухал асуудал.​

У.Хүрэлсүх дарга саяхан авлигад холбогдсон хэнийг ч бай намаасаа хөөнө гэж хэлсэн байсан. Удахгүй хэлсэндээ хүрэх үү гэдэг нь харагдана. Солонгос улсын Бусан хотод өнгөрсөн оны 11 дүгээр сарын 4-7-ны хооронд УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, Д.Оюунхорол нар "Paradise" казинод тоглосон гэх мэдээлэл цацагдсан.

Тэд ард түмний мөнгөөр тансагласан гэх хардлага төрж байгаа. Энэ хүмүүстэй холбоотой олон хэрэг байна. Үүнийг АТГ шалгах ёстой. 

Мөн 800 тэрбумын концессын асуудал гэж дуулиант асуудал дэгдэж, түүнд ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат нэр холбогдсон. Буцаагаад өгчихнө гэж концессын гэрээтэй нэр холбогдсон эрхмүүд уурсаж байсан. Буцааж өгсөн үү? Тэр асуудал юу болсон бэ? Үүнийг АТГ шалгах ёстой.

2015 долоодугаар сард Засгийн газар 289 дүгээр тогтоолоо гаргасан. Үүний үр дүнд Өвөрхангай аймгийн Уянга, Архангай аймгийн Цэнхэр, Баянхонгор аймгийн Жаргалант, Сэлэнгэ аймгийн Хүдэр, Ерөө, Сайхан, Дархан-Уул аймгийн Хонгор, Шарын гол, Төв аймгийн Эрдэнэ, Булган аймгийн Дашинчилэн сумдын нутагт 3,362 га талбайг ойн сангийн хилээс, 2,501 га талбайг голын эх, усан сангийн хилээс, нийтдээ 5,863 га талбайг Урт нэртэй хуулийн хамгаалалтаас гаргасан байдаг. 

Түүнчлэн 7,600 га талбайг Урт нэртэй хуулиас тойруулав. 5,403 га талбайг голын эхийн хилээс, 1,679 га талбайг ойн сангаас, 518.7 га талбайг голын мөрний хамгаалалтын бүсээс гаргасан.

Өнөөгийн улс нийгэм, байгаль орчны байдал тэсэхийн аргагүй хүнд бэрх боллоо. Тийм учраас, тодорхой улс төрчдийг АТГ-аар шалгуулах болно" гэлээ.