Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/02/28-НД НИЙТЛЭГДСЭН

Македон улс нэрээ өөрчлөх дөрвөн хувилбарыг Грект санал болгожээ

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 2 сарын 28
iKon.MN
Зураг зураг

Македон улс хорь гаруй жил үргэлжилж байгаа нэрний маргаандаа цэг тавихын тулд Грекийн талд дөрвөн нэрний хувилбар санал болгосныг тус улсын ерөнхий сайд Зоран Заев өчигдөр мэдэгджээ.

Македон улсыг нэрээ өөрчлөхийг түүний өмнөд хөрш Грек олон жил шаардаж байгаа. Грекийн хойд мужийг Македон гэдэг бөгөөд энэ нь яваандаа газар нутгийн маргаан, түүхэн үнэнийг гуйвуулахад хүргэхээс Афиний удирдагчид болгоомжилдог юм.

Тиймээс Македон улсын Европын Холбоо, НАТО-д элсэх гэсэн хүсэлтийг Грекийн тал удаа дараа бойкотлож байжээ.

Грек улс дээрх хоёр байгууллагын хоёулангийн гишүүн тул санал хураалтад хориг тавих эрхтэй юм. Хуучин Югославын бүрэлдэхүүнээс гарахдаа Македон нэртэй болсон энэ улс ирэх зургаа, долдугаар саруудад болох ЕХ, НАТО-гийн хурлуудаас өмнө нэрний маргаанаа шийдэхийг зорьж байна.

Балканы баруун хязгаарын орнуудын Лондонд болсон уулзалтын дараа Заев “Бидний санал болгож буй нэрний хувилбарууд: Хойд Македоны БНУ, Дээд Македоны БНУ, Вардар Македоны БНУ, Македоны (Скопье) БНУ” хэмээн танилцуулжээ.

Скопье нь тус улсын нийслэл хот юм. Грекийн тал уг саналд сэтгэл хангалуун байх эсэхийг сэтгүүлчид асуухад Заев “Тиймээ. Энэ саналд тэдэнд таалагдах нэр ч байгаа, таалагдахгүй нэр ч байгаа” гэж хариулсан байна.

Хэрвээ Грекийн тал аль нэг хувилбарыг зөвшөөрвөл үндсэн хуульд өөрчлөлт оруулах дараагийн асуудал яригдах гэнэ.

 

Эх сурвалж: The Guardian