Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/02/27-НД НИЙТЛЭГДСЭН

АНУ: Ши Жиньпин насан туршдаа ерөнхийлөгч болох эсэх нь Хятадын дотоодын асуудал

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 2 сарын 27
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн Ням гарагт Хятадын Коммунист Нам улсынхаа үндсэн хуульд оруулах өөрчлөлтүүдийг танилцуулсан билээ. Уг өөрчлөлтүүдийн дотор БНХАУ-ын төрийн тэргүүний суудалд нэг хүн хоёроос дээш удаа дахин сонгогдохыг хориглох заалтыг хасах санал багтсан юм. Ингэснээр одоогийн төрийн тэргүүн Ши Жиньпин эрх мэдлийг гартаа төвлөрүүлж, насан туршдаа ерөнхийлөгч болохыг санаархаж байна гэж ажиглагчид шүүмжлэн хэлэлцэж байна.

Тэгвэл өчигдөр АНУ энэ асуудлаар байр сууриа илэрхийлжээ. Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Сара Сандерс “Энэ шийдвэр нь Хятадын дотоодын асуудал гэж бид үзэж байна. Манай ерөнхийлөгч өмнө нь ерөнхийлөгчөөр дахин сонгогдоход хязгаар тавих тухай санааг сонгуулийн кампайны үеэр ярьж байсан. Гэхдээ энэ нь АНУ-ын ерөнхийлөгчийн хүрээнд ярьж байсан асуудал. Хятад улсын хувьд өөрийнх нь шийдэх хэрэг юм” гэж сэтгүүлчдийн асуултад хариулсан байна.

Дональд Трамп өмнө нь АНУ-ын ерөнхийлөгчөөр дахин сонгогдоход хязгаар хэрэгтэй тухай ярьж байжээ. Ши Жиньпин үндсэн хуулиа шинэчилснээр сүүлийн 30 орчим жилд төрөн гарсан Хятадын хамгийн хүчирхэг удирдагч болох юм.

Түүнтэй зөвхөн Мао Зэдун өрсөлдөх хэмжээнд байна. Трамп Ши Жиньпинтэй дотно харилцаатайгаа, хүндэтгэж явдгаа байнга илэрхийлдэг. Гэхдээ тэдэнд хоёр улсын хоорондын худалдааны асуудал, Солонгосын хойгийн асуудал дээр санал зөрөлддөг зүйлс бий. Мөн прагматик, Америкийн эрх ашгийг тэргүүнд тавьдаг Трамп ардчилсан зарчмаас ухарч, гадаад улс орнуудын дарангуйлагчдад зөөлөн ханддаг гэж байнга шүүмжлүүлдэг юм.

 

Эх сурвалж: AFP