Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/02/27-НД НИЙТЛЭГДСЭН

"Эрдэнэт Үйлдвэр"-ийн 49 хувийг төрийн өмчид авсныг ЦЭЦ ХЯНАН ХЭЛЭЛЦЭХ гэж байна

Б.Ану
2018 оны 2 сарын 27
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Маргааш 9.30 цагаас Үндсэн Хуулийн Цэцийн дунд суудлын хуралдаанаар ““Эрдэнэт үйлдвэр” ХХК (ЭҮ), “Монголросцветмет” ХХК-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоол нь Үндсэн хууль зөрчсөн эсэхийг хэлэлцэх гэж байна. 

Өөрөөр хэлбэл 2017 оны хоёрдугаар сарын 10-нд УИХ тогтоол гарган ОХУ-аас худалдан авсан ЭҮ-ийн 49 хувийг төрд шилжүүлэх шийдвэр гаргасан билээ. 

Энэхүү тогтоолийг гүйцэлдүүлэхтэй холбоотойгоор Засгийн газар ч олон янзын шийдвэр гаргаад буй. 

Тэгвэл УИХ-ын 23-р тогтоолыг Үндсэн хууль зөрчсөн гэж хэсэг хуульч Үндсэн Хуулийн Цэцэд (ҮХЦ)  2017 онд хандаад байв. Харин маргааш энэ асуудлыг хэлэлцэхээр болжээ. 

Хэрвээ ҮХЦ-ээс ЭҮ-ийн 49 хувийг төрд авсан тогтоол нь Үндсэн хууль зөрчсөн гэж үзвэл нөхцөл байдал маш ярвигтай түвшинд очих юм. Өөрөөр хэлбэл УИХ-ын 23-р тогтоолыг дагаж гарсан Засгийн газрын бүх шийдвэр асуудалтай болж эхлэх юм. Гэхдээ Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтийг УИХ хүлээж авах эсэхээ УИХ мөн хэлэлцэн шийднэ. Хэрэв УИХ хүлээж авахгүй бол ЦЭЦ энэхүү шийдвэрийг хэлэлцэх Их суудлын хуралдаанаа зарлах боломжтой. Үндсэн Хуулийн Цэцийн Их суудлын хуралдаанаас гарах тогтоол нь эцсийн шийдвэр байдаг билээ. 

23-р тогтоолыг бүрэн эхээр нь хүргэж байна. 

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
2017 оны 2 дугаар сарын 10-ны өдөр, Улаанбаатар хот

Дугаар 23

“ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР” ХХК, “МОНГОЛРОСЦВЕТМЕТ” ХХК-ИЙН ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин тавдугаар зүйлийн 2 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 15 дахь заалт, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 29 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 6, 7 дахь заалт, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалт, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн үйл ажиллагааны тухай Монгол Улсын болон Оросын Холбооны Улсын Засгийн газар хооронд байгуулсан хэлэлцээрийг зөрчиж эдгээр аж ахуйн нэгжийн 49 хувийн энгийн хувьцааг худалдаж авах төрийн давуу эрхэд хууль бусаар халдсан байх тул Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн ““Эрдэнэт үйлдвэр” ХХК болон “Монголросцветмет” ХХК-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай” 330 дугаар тогтоолын 1 дүгээр заалтыг хүчингүй болсонд тооцсугай.

2.Оросын Холбооны Улсын Засгийн газрын эзэмшлээс “Монголиан Коппер Корпорейшн” ХХК-д шилжсэн “Эрдэнэт үйлдвэр” ХХК, “Монголросцветмет” ХХК-ийн 49 хувийн энгийн хувьцааг төрийн өмчид шилжүүлэн авах асуудлыг яаралтай шийдвэрлэж, төрийн өмчит үйлдвэрийн газрын статустайгаар ажиллуулах арга хэмжээ авч ажиллахыг Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо /Ш.Раднаасэд/, Монгол Улсын Засгийн газар /Ж.Эрдэнэбат/-т даалгасугай.

3.“Эрдэнэт үйлдвэр” ХХК, “Монголросцветмет” ХХК-ийн 49 хувийн энгийн хувьцааг Хөгжлийн банк болон Монголбанкнаас Худалдаа хөгжлийн банкинд байршуулсан мөнгөн хөрөнгө, ногдол ашиг, вексель зэрэг эх үүсвэрээс суутган тооцох хэлцэл хийж төрийн өмчид авах арга хэмжээг зохион байгуулахыг Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо /Ш.Раднаасэд/, Монгол Улсын Засгийн газар /Ж.Эрдэнэбат/-т даалгасугай.

4.Хууль тогтоомж удаа дараа зөрчсөн Монголбанк, Засгийн газар, Худалдаа хөгжлийн болон Улаанбаатар хотын банкны удирдах ажилтнуудад холбогдох хуульд заасан хариуцлага хүлээлгэх арга хэмжээ авахыг Монгол Улсын Засгийн газар /Ж.Эрдэнэбат/, Монголбанк /Н.Баяртсайхан/-нд даалгасугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД 

Зарим хуульч эх сурвалжуудын хэлж буйгаар хэрэв УИХ-аас  Засгийн газрын буюу тухайн үеийн Ч.Сайханбилэгийн Засгийн газрын 330 дугаар тогтоолыг хүчингүй болгосон бол наймаа хийсэн талууд буюу “Монголиан Коппер Корпорейшн” -ийн ОХУ-аас худалдан авсан ЭҮ-ийн 49 хувийн хувьцааг ОХУ-д нь буцаан өгөх хэлэлцээрт орох байсан нь хуулийн хувьд зөв гарц ажээ. Өөрөөр хэлбэл,  Засгийн тогтоолыг хүчингүй болгосноор асуудал шийдэгдэхгүй. Харин талуудын хооронд хийгдсэн гэрээг хүчингүй болгох, эсэхийг шүүхээр тогтоолгох асуудал чухал байсан гэв. 

Гэтэл УИХ 49 хувийг хууль бусаар худалдаж авсан гэж үзсэн ч үүнийгээ төрд шилжүүлэн авсан нь Үндсэн хуулийн хэд хэдэн заалтыг зөрчиж буй явдал болсон гэж үзэж байна.