Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/02/27-НД НИЙТЛЭГДСЭН

Apple хамгийн том iPhone-ийг үйлдвэрлэхээр бэлдэж байна

Р.Түвшин, iKon.mn
2018 оны 2 сарын 27
iKon.MN
Зураг зураг

Ирэх намар Apple компани гурван шинэ загварын iPhone зах зээлд танилцуулахаар бэлдэж байгааг Блүүмберг мэдээлжээ.

Тэдний нэг нь урьд өмнөх бүх iPhone-оос хамгийн том хэмжээтэй загвар байх бол хоёр дахь нь одоогийн iPhone X загварын сайжруулсан хувилбар байх гэнэ. Харин гурав дахь нь хямд үнэтэй, энгийн загвар байх ажээ.

Тус компани одоо бэлтгэн нийлүүлэгчидтэй хамтран үйлдвэрлэлийн шатны тестийг хийж байгаа юм. Энэ шатанд зарим нэг үзүүлэлтүүд өөрчлөгдөх боломжтойг эх сурвалжууд мэдээлсэн байна.

Өнгөрсөн онд зах зээлд гарсан iPhone X загварын борлуулалт төсөөлж байснаас тааруу байгаа. 2017 оны сүүлийн улиралд Apple 77.3 сая iPhone зарсан нь шинжээчдийн таамаглаж байсан 80.2 саяд хүрээгүй юм.

Дээрх үр дүнг iPhone X-ийн үнэ өндөр ($1,000) байсан болон хангалттай сайн үзүүлэлттэй iPhone 8 түүнээс хямд үнэтэй байсан зэрэгтэй холбон тайлбарлаж байгаа.

Энэ удаа яригдаж байгаа том хэмжээтэй iPhone нь 6.5 инч дэлгэцтэй байна гэжээ. Бараг iPhone 8 Plus шиг хэмжээтэй боловч iPhone X шиг ирмэгээ хүртэл тэлсэн дэлгэцтэй байх тул хамгийн том дэлгэцтэйд тооцогдох гэнэ.

Харьцуулбал iPhone X-ийн дэлгэц 5.8 инч хэмжээтэй юм. Мөн OLED технологийн дэлгэцийг ашиглахаар төлөвлөж байгаа гэнэ.

Том болон iPhone X-ийн сайжруулсан загварт хоёуланд нь алтлаг өнгөний хувилбар нэмж байгааг мөн мэдээлжээ. Зарим зах зээлд зориулсан том хувилбар нь хоёр SIM карт ордог байх магадлалтай гэнэ.

Харин гурав дахь буюу хямд хувилбар нь iPhone X шиг ирмэг хүртлээ тэлсэн дэлгэцтэй, Face ID царайгаар таних системтэй байх ажээ. Үнэ бууруулж байгаа гол зүйлс нь OLED биш LCD дэлгэц, ган хүрээгүй, энгийн хөнгөн цагаан хүрээтэй эх бие болж байгаа гэнэ.

 

Эх сурвалж: Bloomberg