Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/02/23-НД НИЙТЛЭГДСЭН

Нүхэн жорлонгийн асуудлыг шийдэхийн тулд ариутгаж, халдваргүйжүүлэх бодисыг иргэдэд ойртуулна

Г.Өлзийхутаг, iKon.mn
2018 оны 2 сарын 23
iKon.MN
Зураг зураг

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас өнөөдөр гэр  хорооллын хөрсний бохирдлыг бууруулах зорилгын хүрээнд гэр хорооллын айл өрхийн бохирын цооног, нүхэн жорлонг ариутган халдваргүйжүүлдэг амьд бактер, ариутгалын бодис үйлдвэрлэдэг, импортлодог байгууллага аж ахуйн нэгжтэй уулзлаа. 

Нийслэлийн хэмжээнд 100,000 орчим нүхэн жорлон байдаг гэсэн судалгаа байдаг ба нийслэлээс жилд нэг удаа ариутгал халдваргүйжүүлэлт айл өрхөд хийдэг. Гэвч энэ нэг айлын бохирын хэмжээгээс шалтгаалж ариутгал үр дүнгээ сайн өгдөггүй аж.  Ариутгал халдваргүйжүүлэлт хийхэд нийслэлээс жилдээ 180-200 сая төгрөг төсөвлөдөг юм байна.  

Улаанбаатар хотын Захирагчийн Ажлын Албаны Ахлах Мэргэжилтэн С.Аригуун “Өнөөдөр гэр хорооллын нүхэн жорлонгийн бохирыг задалдаг амьд бактер буюу зориулалтын бодис үйлдвэрлэдэг, импортлодог хувийн хэвшлийн компаниудтай уулзалт хийлээ. Уулзалтад  дүүргүүдийн худалдаа хөгжлийн хэлтэс, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны төлөөлөл оролцлоо.

Гэр хорооллын үйлчилгээний байгууллага дэлгүүрүүдээр нүхэн жорлонг ариутгадаг амьд бактери бодис худалдаалдаг зохион байгуулалтыг бий болгох гэж байна. Энэ чиглэлийн бодис импортлодог, дотоодод үйлдвэрлэдэг амьд бактерийг бий болгодог, мэргэжлийн байгууллагуудтай хамтарч ажиллаад тэдний гаргасан бүтээгдэхүүнүүдийг гэр хорооллын лангуун дээр байршуулах юм.

Энэ чиглэлийн бодис, бүтээгдэхүүнийг дотооддоо үйлдвэрлэдэг, худалдаалдаг, импортолдог мэргэжлийн байгууллага, аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажиллаж, иргэд, айл өрх өөрсдөө хүссэн үедээ тодорхой хугацаа давтамжтайгаар өөрсдийн нүхэн жорлонгоо хянаж тогтмол хуваарийн дагуу хийж байх боломж нээгдэнэ.

Айл өрх бүр нүхэн жорлонгийн ариун цэвэр, халдваргүйжүүлэлтийг өөрсдөө хянадаг  болоход тус бүтээгдэхүүнүүдийн хүртээмжийг ойртуулах чухал юм” хэмээлээ.