Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/02/23-НД НИЙТЛЭГДСЭН

Парламентын гишүүд Өмнөд Солонгост айлчлах Хойд Солонгосын генералыг цаазлуулах ёстой хүн гэлээ

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 2 сарын 23
iKon.MN
Зураг зураг

Пёнчаны Өвлийн Олимпийн хаалтад оролцох Хойд Солонгосын дээд албаны хүмүүсийг генерал Ким Ён Чол тэргүүлэхээр болсон. Тэд Ням гарагт Өмнөд Солонгост ирж, Мягмар гараг хүртэл саатах юм.

Өнөөдөр Өмнөд Солонгосын парламентын хэсэг гишүүд Ким Ён Чол генералыг дайны гэмт хэрэг үйлдсэнийхээ төлөө цаазлуулах ёстой хүн гээд ерөнхийлөгчид хандан ирүүлэхгүй байхыг уриалж, Хөх ордны гадна цуглажээ.

2010 онд Өмнөд Солонгосын Чёнан байлдааны хөлөг онгоцыг Ким Ён Чолын тушаалаар довтолж, живүүлэхэд 46 хүн амиа алдсан юм.

Парламент дахь консерватив намын бүлгийн дарга Ким Сун Тэ “Ким Ён Чол бол Өмнөд Солонгосын эсрэг довтолгоог удирдсан дайны гэмт хэрэгтэн. Түүнийг гудамжинд дүүжлэн хороох ёстой” гэж мэдэгдэлдээ өгүүлжээ.

“Ямар ч хүндэтгэх шалтгаантай байсан олон хэсэг хэрчүүлж үхэх ёстой гэмт этгээдийг Олимпийн хаалтын арга хэмжээнд урих ёсгүй” гэж тэр мэдэгдлээ гардуулах үеэр хэлсэн байна.

Харин хоёр Солонгосын нэгдлийг хариуцсан яамны төлөөлөгч Бэк Тэ Хюн энэ талаар “Ким Ён Чол генералын айлчлалын талаар өргөн шүүмжлэл өрнөж байгааг Өмнөд Солонгосын засгийн газар мэдэж байгаа боловч хоёр Солонгосын харилцааг сайжруулах, энхийн хэлэлцээр хийх боломжийг алдахгүйн тулд хүлээн авахаас өөр аргагүй” гэж мэдэгджээ.

Ким Ён Чол бусад долоон албан хаагчийн хамт олимпийн хаалтын ажиллагаанд оролцох юм. АНУ-аас ерөнхийлөгч Дональд Трампын охин Иванка мөн ийм зорилгоор өнөөдөр Сөүлд ирж байгаа.

Нээлтийн арга хэмжээний үеэр Өмнөд Солонгосын тал Вашингтон, Пёньяны зочдыг уулзуулах гээд бүтэлгүйтсэн тухай мэдээлэл саяхан тарсан юм. Харин хаалтын үеэр дайсагнагч талууд ямар алхам хийх нь одоогоор тодорхойгүй байна.

 

Эх сурвалж: AFP