Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/02/26-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Сүхбаатар дүүргийн МАТЕМАТИКИЙН шилдэг сургуулиуд тодорлоо

Б.УЧРАЛ, iKon.mn
2018 оны 2 сарын 26
iKon.MN
Зураг зураг

С.Шарав багшийн нэрэмжит Сүхбаатар дүүргийн математикийн 24 дүгээр олимпиад амжилттай болж хоёрдугаар сарын 23-ны өдөр Нэгдүгээр сургуулийн байранд шилдгүүдээ тодрууллаа. Тус олимпиадад дүүргийн 32 сургуулийн 756 сурагч, 53 багш оролцсон юм.

Багийн дүнгээр 

1 дүгээр байр “Сант” сургууль, /36 оноо/

2 дугаар байр 11 дүгээр сургууль, /30 оноо/

3 дугаар байр Нэгдүгээр сургууль /29 оноо/ эзэллээ.

Бид олимпиадад амжилт гаргасан зарим сурагчтай уулзаж сэтгэгдлийг нь сонслоо.

“Хүнд асуудлыг уран аргаар шийдэх нь математикийн шинжлэх ухааны гол онцлог”
 

1 дүгээр сургуулийн 10г ангийн сурагч Б.Батмэнд 10 дугаар ангийн сурагч хэрнээ 12 дугаар ангийн олимпиадад дэвшин оролцож 24 оноогоор мөнгөн медаль хүртжээ.

ТэрбээрМанай багшийг З.Бат-Эрдэнэ гэдэг. Улсын 11 аварга төрүүлсэн, маш туршлагатай багш. Би хоёр анги дэвшиж медаль хүртсэндээ маш их баяртай байгаа. Өрсөлдөөн ихтэй байлаа. Монголын математик өндөр хөгжиж байгаа гэж боддог. Үүнд хувь нэмрээ оруулж буй сургууль болон багшдаа талархаж байна.

Энэ хичээлийн хамгийн сайхан нь олон төрлийн асуудлыг шийддэг, шийдэх аргачилалууд нь их сонирхолтой. Хүнд асуудлыг уран аргаар шийдэх нь математикийн шинжлэх ухааны гол онцлог юм” гэв.

"Өдөрт тогтмол 2-3 цаг бэлтгэл хийснийхээ хүчинд хүрэл медаль авч чадлаа"
 

Сант” сургуулийн 9в ангийн сурагч М.Буянбилэг анги дэвшин орж 10 дугаар ангиас хүрэл медаль хүржээ.

Тэрбээр “Олимпиадын бэлтгэлээ сайн хийж медаль хүртсэндээ баяртай байна. Миний хувьд гуравдугаар ангиасаа математикийн хичээлдээ илүү дуртай болж, гүнзгийрүүлэн үзэж байгаа.

Ирээдүйд би инженер болох хүсэлтэй. Учир нь миний хамгийн дуртай хичээлүүд болох математик, физик дээр инженерийн ухаан суурилсан байдаг” гэв.

"Бидний хувьд сурагчдаа өргөн хүрээнд олимпиадад хамруулахыг зорьдог"
 

“Сант” сургуулийн математикийн багш Д.ГанчимэгСүхбаатар дүүргийн математикийн олимпиадад оролцсоноор сурагчид цаашид хот, улсын олимпиадад оролцох эрхээ авдаг учраас маш өрсөлдөөнтэй, нэр хүндтэй байдаг. Манай сурагчид амжилттай оролцож багийн дүнгээр тэргүүлсэнд багш хүний хувьд их бахархаж байна” хэмээн онцолж байв.

"толгой эргүүлсэн, сэтгэхүйн, хүнд, сонирхолтой бодлогууд бодох дуртай"
 

11 дүгээр сургуулийн 6 дугаар ангийн сурагч Ч.Гэрэлт-Ирээдүй  “Алтан медаль авсандаа баяртай байна. Догдолж, гоё мэдрэмж төрж байна. Өмнө нь би олимпиадад олон удаа оролцож байсан. Өнөөдөр Улаанбаатар хотын олимпиадад оролцох эрх авлаа. Хотын олимпиадад медаль авахыг хичээнэ.

Би бага ангиасаа IQ-гийн хичээлдээ дуртай байсан. Одоо толгой эргүүлсэн, сэтгэхүйн, хүнд, сонирхолтой бодлогууд бодох дуртай. 

Ирээдүйд би нэр хүндтэй эрдэмтэн болохыг хүсэж байна” гэв.

"Нийт 30 онооноос 30 оноо авч 100 хувийн гүйцэтгэлтэй түрүүллээ"
 

“Сант” сургуулийн 4 дүгээр ангийн сурагч С.Манлай 5 дугаар ангидаа дэвшин оролцож алтан медаль хүртжээ.

Тэрбээр “Нийт 30 онооноос 30 оноо авч 100 хувийн гүйцэтгэлтэй түрүүллээ. Маш их баяртай байна. Би математик, англи хэлний хичээлүүддээ дуртай. Мөн сургууль дээрээ байх дуртай. Би математикийн сонгонд суралцдаг. Манай багшийг Бямбатуяа гэдэг. Багш маань хичээлээ сайн заадаг. Надад хичээл зааж сургаж байгаад баярлалаа” гэв.

Монгол Улсын математикийн нүүр царай болсон олон багш, сурагчид Сүхбаатар дүүрэгт харьяалагддаг ажээ. Тухайлбал энэ удаагийн олимпиадад VIII ангийн сурагч хэрнээ XII ангийн төрөлд алтан медаль хүртсэн сурагч М.Өнөболд 2016 онд Тайланд улсад болон олон улсын математикийн олимпиадаас алтан медаль хүртсэн байдаг.

Мөн “Сант” сургуулийн сурагч Д.Итгэл, Д.Энэрэлт нар төрсөн эгч дүүс бөгөөд 2016 оны математикийн улсын олимпиадаас хамтдаа алтан медаль хүртэж байсан тухай бид өмнө нь мэдээлж байсан билээ. Тэд энэ удаагийн олимпиадад ч амжилтаа бататгаж алт болон хүрэл медаль хүртсэн байна.

Энэ жилийн математикийн олимпиадаас онцлох зүйл бол медаль хүртсэн сурагчдын гүйцэтгэл юм. Тухайлбал 80-100 хувийн гүйцэтгэлтэй медаль хүртсэн маш олон сурагч байгаа нь Сүхбаатар дүүрэг нь математикийн олимпиадын хувьд маш том өрсөлдөөний талбар болдог нь харагдлаа. 

Гэрэл зургийг MPA.mn, Г.Өнөболд
 
 
 
 
 
 
 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.