Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/02/23-НД НИЙТЛЭГДСЭН

Байгалийн шатдаг хийгээр ажилладаг ЗУРГААН автобусыг үйлчилгээнд явуулж эхэлжээ

А.Төгөлдөр, iKon.mn
2018 оны 2 сарын 23
iKon.MN
Зураг зураг

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн өнөөдрийн хурлаар “Улаанбаатар хотын агаар орчны бохирдлыг бууруулах ажлын явц, авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай“ мэдээллийг сонсож, хэлэлцлээ.

Нийслэлийн бүх сургууль, цэцэрлэг, эмнэлгийг агаар цэвэршүүлэгчээр хангажээ

Агаарын бохирдлыг бууруулах газрын дарга Б.Цацрал ”Өнгөрсөн нэг сарын хугацаанд Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах  бүсийн 1, 2 дугаар бүсэд хамаарч байгаа ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн танхим, эмнэлгийн хүүхдийн тасгийн өрөө, тасалгаанд 5,270 агаар цэвэршүүлэгч худалдан авах гэрээг хийж, бүрэн нийлүүлж дууслаа.

Агаар цэвэршүүлэгч  худалдан авах гэрээг  9 аж ахуйн нэгжтэй  байгуулсан.

Түүнчлэн  зөвхөн дээрхи бүс гэлтгүй нийслэлийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалт, “Улаанбаатар цэвэр агаар төсөл”-өөс 908 ширхэг агаар цэвэршүүлэгчийг сургууль, цэцэрлэгт нийлүүллээ. Олгосон агаар цэвэршүүлэгчийн  ашиглалтын байдалд хяналт тавих ажил хийгдэж байна“ хэмээн танилцууллаа.

 

Мөн Засгийн газар, нийслэл, салбарын яамдын төлөөлөл бүхий  16 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг Дархан уул, Дорноговь, Говьсүмбэр, Төв аймаг, нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа болон  үйлдвэрлэх бололцоо бүхий  8 үйлдвэр болон “ Эрдэнэс таван толгой” ТӨХК, ” Энержи Ресурс” ХХК-ний 2 уурхайтай газар дээр нь очиж танилцсан байна. 

11 аж ахуйн нэгж жилдээ 300 мянган тонн сайжруулсан түлш үйлдвэрлэнэ

Ажлын хэсэг  дүгнэлтээ гаргаж, “Монгол шахмал түлш нэгдэл”-д  гишүүнээр элссэн 11 аж ахуйн нэгж жилдээ 300 мянган тонн сайжруулсан түлш үйлдвэрлэнэ. Дулааны II цахилгаан станцын дэргэдэх сайжруулсан шахмал түлшний үйлдвэр 200 мянган тонныг үйлдвэрлэнэ гэсэн урьдчилсан тооцоо гаргажээ.

Нийслэлийн нийтийн тээврийг хүртэл эко болгох ажлын хүрээнд “Эрдэм транс” ХХК нь байгалийн шатдаг хийгээр ажилладаг тэжээлийн системтэй 6 автобусаар үйлчилж эхэлжээ.  Цаашид ч  энэ ажлыг эрчимжүүлэх бололцоотой гэдгийг хэллээ. Өнгөрсөн нэг сарын хугацаанд агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр  хийсэн ажлууд тодорхой үр дүнгээ өгч байгаагийн зэрэгцээ хяналт мониторинг сайн хийгдэж байна гэв. 

сайжруулсан  шахмал түлшний нөөцийг бүрдүүлж,  үнэ тарифын судалгааг хийх ёстойг анхаарууллаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд  ”Сар тутам агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хийж хэрэгжүүлж байгаа ажлаа  Засаг даргын зөвлөлийн хуралд холбогдох байгууллагууд танилцуулж, мэдээлэх үүрэг өгсөн.

Улирал бүр Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн нэгдсэн хуралдаанд  мэдээлж, сургалт сурталчилгааг  хийж байх шаардлагатайг онцоллоо. 

Агаар цэвэршүүлэгчээр бүрэн хангагдаж дууссан ч гэлээ зөв хэрэглэх, хэрэглээнд нь хяналт тавих ажлыг мөн хийх хэрэгтэй гэдгийг ч тодотголоо.

Түүхий нүүрсний хэрэглээг зогсоох  гэж байгаатай холбогдуулан сайжруулсан  шахмал түлшний нөөцийг бүрдүүлж,  үнэ тарифын судалгааг хийх ёстойг анхаарууллаа“.

 

 

Эх сурвалж: Нийслэлийн Засаг даргын тамгын газрын  Хэвлэл мэдээллийн алба