Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/02/23-НД НИЙТЛЭГДСЭН

Япон, Монгол улсууд Хойд Солонгост үзүүлэх шахалтыг нэмэгдүүлэхээр тохиролцлоо

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 2 сарын 23
iKon.MN
Зураг зураг

Цөмийн болон пуужингийн зэвсэглэлээр эрчимтэй хөөцөлдөж байгаа Хойд Солонгосын дэглэмд үзүүлэх дарамт шахалтыг нэмэгдүүлэхээр тохиролцсоноо Япон, Монголын топ дипломатчид мэдэгджээ.

Өчигдөр буюу Пүрэв гарагт Японы гадаад хэргийн сайд Таро Коно, Монгол улсын гадаад хэргийн сайд Д. Цогтбаатартай Токиод уулзсаны дараа ингэж мэдэгдсэн байна.

Уулзалтын үеэр Хойд Солонгостой харилцахдаа олон улсын хамтын нийгэмлэг нэгдмэл байр суурьтай байх шаардлагатайг Коно онцолж, Пёньяны дэглэмд НҮБ-ын аюулгүй байдлын зөвлөлийн хоригоос гадна бусад олон төрлийн шахалтыг эрчимжүүлэх хэрэгтэйг илэрхийлжээ.

Одоо Өмнөд Солонгост үргэлжилж байгаа өвлийн олимп, паралимпийн дараа Япон, Монголын талууд Хойд Солонгост үзүүлэх шахалтаа нэмэгдүүлэхээр тохиролцсон байна.

Мөн уулзалтын үеэр Коно Хойд Солонгост хулгайлагдсан Японы иргэдийн асуудлыг шийдвэрлэхэд Монголын туслалцааг хүсч байгаагаа хэлжээ.

ОУВС-гийн санхүүгийн дэмжлэгийг авахын тулд Монгол улс төсвийн хэмнэлтийн арга хэмжээнүүдээ яаралтай хэрэгжүүлэх ёстойг Коно бас сануулсан байна.

Монгол улсын гадаад хэргийн сайд Д. Цогтбаатар энэ сарын эхээр Хойд Солонгосын Ардын Их Хурлын тэргүүлэгчдийн дарга Ким Ён Намтай Пёньянд уулзсан юм.

 

Эх сурвалж: NHK