Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/02/23-НД НИЙТЛЭГДСЭН

Монгол тахь нь дэлхий дээр үлдсэн сүүлчийн зэрлэг адуу гэх онолыг үгүйсгэжээ

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 2 сарын 23
iKon.MN
Зураг зураг
Монгол тахийн өвөг дээдэс цоохор толботой байсан гэж дүгнэжээ

Түүхийн бүх цаг үеийн адууны дээжийг оролцуулсан генетикийн шинжилгээний үр дүнд өнөөдрийн бүх гаршуулсан адууны өвөг дээдэст тооцогдож байсан Пржевальскийн адуу буюу Монгол тахь нь үнэндээ өөр төрөл зүйлийн адуу болохыг тогтоожээ.

Хамгийн анх 5,500 орчим жилийн өмнө Төв Азийн талд амьдарч байсан Ботай хүмүүс адууг гаршуулсан гэж үздэг. Тэдний амьдарч байсан газар нутаг нь одоогийн Казахстаны хойд хэсэг юм.

Өмнө нь Монгол тахийг дэлхий дээр үлдсэн цорын ганц зэрлэг адуу, Ботай хүмүүсийн гарт ороогүй үлдсэн адууны үлдэгдэл гэж үздэг байв. Харин хүмүүсийн унаж эдэлж байгаа өнөөдрийн бүх адууг Ботайчуудын гаршуулсан адууны үр сад гэж үздэг байжээ.

Гэтэл сүүлд хийсэн генетикийн судалгаагаар Ботайчуудын унаж байсан адууны гени өнөөдрийн адуунуудын генийн 3 хувьд хадгалагдаж үлдсэн бол Пржевальскийн адуунд үүнээс илүү хэмжээтэй үлдсэнийг тогтоосон байна.

Эндээс хийсэн дүгнэлтээр тахь нь жинхэнэ зэрлэг адууны үр сад биш, харин Ботайчуудын уналга эдэлгээнд байгаад дараа нь эргэж зэрлэгшсэн адууны удам гэж үзжээ.

Ботайчуудын анхны гаршуулсан адуу нь ирвэсийнх шиг цоохор толботой байсныг генетикийн судалгаагаар тогтоосон байна. Харин тахь дахин зэрлэгшихдээ ямар нэг өөр төрөл зүйлтэй холилдож, энэхүү цоохор толбо үүсгэгч гениэ алдсан байна.

Судалгааг ахалсан Францын Шинжлэх Ухаан Судлалын Үндэсний төвийн молекулын археологич, профессор Людовик Орландо “Бидний нээлт адууны генийн зураглалыг бүрэн өөрчиллөө. Бидний хамгийн сүүлчийн зэрлэг адуу гэж үздэг байсан адуу нь үнэндээ сүүлийн хэдэн мянганы турш зэрлэгшиж үлдсэн хамгийн анхны гаршуулсан адууны удам байжээ” гэж тайлбарлажээ.

Харин жинхэнэ зэрлэг адууны үр сад үлдээгүй гэсэн дүгнэлтийг одоогоор хийгээд байна. Тэд эртний болон орчин үеийн нийт 88 төрөл зүйлийн адууны генетикийн мэдээлэл дээр харьцуулсан судалгаа хийсэн юм. Профессор Орландо болон түүний багийн ажлын тайлан “Science” сэтгүүлд нийтлэгджээ.

 

Эх сурвалж: Independent