Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/02/23-НД НИЙТЛЭГДСЭН

"Нярайн цогцос олдсоны дагуу Өвөрхангай аймагт ээжийг нь хайх ажиллагаа явагдаж байна"

Т.Саран, iKon.mn
2018 оны 2 сарын 23
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Өвөрхангай аймагт нярай хүүхдийн цогцос олдсон талаар Цагдаагийн ерөнхий газрын хэвлэлийн төлөөлөгч, мэргэжилтэн М.Мөнхшүрээс тодрууллаа. 

Тэрбээр "2018 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Өвөрхангай аймгийн цагдаагийн газарт иргэнээс манай хашаанд нярай хүүхдийн цогцос байна гэсэн дуудлага мэдээлэл ирсэн.

Үүний дагуу Өвөрхангай аймгийн цагдаагийн газрын дарга удирдлагууд болон алба хаагчид хэргийн газарт үзлэг хийж, хэргийн газрыг хамгаалалтад авч ажилласан.

Тус цагдаагийн газрын даргын тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг Өвөрхангай аймаг болон Арвайхээр суманд хүүхдээ хаясан ээжийг эрэн сурвалжлах ажлыг зохион байгуулж, эрлийн ажиллагаа явагдаж байна. Нярайн цогцос нь эмэгтэй 53 сантиметр урттай 3,400 гр жинтэй байсан.

Энэ хэргийг үйлдсэн этгээд хуулийн дагуу дараах хариуцлагыг хүлээх учиртай. 

Эрүүгийн хуулийн 10 дугаар бүлэг “Хүний амьд явах эрхийн эсрэг гэмт хэрэг” буюу 10.4 дүгээр зүйл-д хүнийг амиа хорлох нөхцөл байдалд хүргэх гэсэн зүйл ангиар эрүүгийн хэрэг нээн мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна.

  • Эд хөрөнгө, албан тушаал, гэр бүлийн хамаарал бүхий харилцаа, бусад нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгаа хүнийг байнга хүчирхийлсэн, доромжилсон, зодсон, тамлан зовоосон, айлган сүрдүүлсний улмаас амиа хорлоход гарцаагүй хүргэсэн бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
  • Энэ хуульд заасан “гэр бүлийн хамаарал бүхий харилцаа” гэж гэр бүлийн гишүүд, бусад шалтгаанаар хамт амьдарч байгаа, гэрлэлт нь цуцлагдсан, бусад шалтгаанаар хамт амьдарч байгаад больсон хүн, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, асрамжийн үйлчилгээ үзүүлж байгаа хүн, тэдгээрийн асрамжид байгаа хүмүүсийн хоорондын харилцааг ойлгоно.

10.5 дугаар зүйл. Эх нярай хүүхдээ алах

1.Эх нь сэтгэл санааны гүнзгий хямралтай байх үедээ нярай хүүхдээ алсан бол зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

  • Энэ хуульд заасан “нярай хүүхэд” гэж төрснөөсөө хойш гурав хоногоос хэтрээгүй байсныг ойлгоно.

16.3 дугаар зүйл. Хүүхдийг хаях, төөрүүлэх, тэнүүчлэлд хүргэх

  • Хуулиар хүлээсэн асран хамгаалах, харгалзан дэмжих үүргээсээ зайлсхийж хүүхдийг хаясан, орон гэрээ олох боломжгүй газар зориуд орхисон, хүүхдийг оршин суугаа газраас нь хөөж тэнүүчлэхэд хүргэсэн бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
  • Энэ гэмт хэргийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан, хохирогч нас барсан бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ" гэлээ. 

Мөн Сонгинохайрхан дүүрэгт урьд шөнө хүний амь насыг ноцтойгоор хөнөөсөн хэрэг гарчээ. Энэ талаар ирэх Даваа гарагт Цагдаагийн Ерөнхий Газраас мэдээлэх юм байна.