Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/02/23-НД НИЙТЛЭГДСЭН

Хятадын ухаалаг гар утасны зах зээлд цөөн хэдэн тоглогч үлдэх нь тодорхой болжээ

Р.Түвшин, iKon.mn
2018 оны 2 сарын 23
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн онд дэлхийн хамгийн том гар утасны зах зээл болох Хятадад анх удаа ухаалаг гар утасны борлуулалт буурсан үзүүлэлт гарлаа.

Энэ нь зах зээл ерөнхийдөө ханаж, хэрэглэгчид хуучин гар утсаа шинээр солих явдал удааширсантай холбоотой гэж судлаачид үзэж байна. Технологийн ахиц дэвшил гарах нь буурсантай бас холбоотой.

Харин 2018 онд цөөн хэдэн үйлдвэрлэгч зах зээлд шалгаран үлдэж, жижиг үйлдвэрлэгчид шахагдах нь гарцаагүй гэсэн дүгнэлтийг IDC технологийн судалгааны компани хийжээ.

Тодруулбал Хятадын зах зээлд Huawei, Oppo, Vivo, Xiaomi, Apple гэсэн гол таван тоглогч нийт зах зээлийн 77 хувийг эзэлсэн дүнтэй 2017 оныг үдсэн байна. Тэд нийлээд 2016 онд зах зээлийн 67 хувийг эзэлж байсныг Counterpoint судалгааны байгууллага мэдээлжээ.

Тэдний зах зээлд эзлэх байр суурь 2018 онд улам бэхжинэ. Харин үүний цаана 200 орчим Хятадын жижиг үйлдвэрлэгч зах зээлд үлдэхийн төлөө хүнд нөхцөлд ажиллахаар болж байна.

Хоёрхон жилийн өмнө тэдний тоо 300 байсан юм. Хятадын ухаалаг гар утасны зах зээл 2010-2012 оны хооронд жил бүр хоёр дахин нэмэгддэг байв. Энэ нь 3G сүлжээ орон даяар нэвтэрч, хурдны хувьсгал хийж байсантай холбоотой. Харин 2013 оноос эхлэн энэ өсөлтийн хувь аажмаар буурч эхэлжээ.

2017 онд тус улсын ухаалаг гар утасны борлуулалт өмнөх оноос 4.9 хувиар буурч, 444.3 сая ширхэгт хүрсэн юм. Жил бүр Испаний Барселонд болдог Mobile World Congress мобайл салбарын хамгийн том чуулганы энэ жилийн арга хэмжээнд Хятадын жижиг үйлдвэрлэгчид орохгүй болсон байна. Уг арга хэмжээ ирэх долоо хоногт болох юм. 2015-2017 онуудад идэвхтэй оролцож байсан Meizu, Gionee, Coolpad, LeEco брэндүүд 2018 онд эзгүй байна.

Huawei, Vivo компаниуд оролцох боловч шинэ бүтээгдэхүүн танилцуулахгүй гэдгээ мэдэгджээ. Гэхдээ дээрх жижиг үйлдвэрлэгчид Хятадын зах зээлээс шахагдсан ч хямд үнэтэй бүтээгдэхүүнүүдээ хөгжиж байгаа орнуудад гаргахаар ажиллаж байгаа юм.

 

Эх сурвалж: South China Morning Post