Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/02/23-НД НИЙТЛЭГДСЭН

Хаврын тэргүүн сарын шинийн 8-ны өдөр өнөөдөр тохиож байна

Ж.Хулан, iKon.mn
2018 оны 2 сарын 23
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Билгийн тооллын Хаврын тэргүүн сарын шинийн 8-ны өдөр өнөөдөр тохиож байна. Энэ өдөр гандангууд сүсэгтэн олонд зориулан ном хурж байна.

Тухайлбал, Манба Дацан хийдэд Их Манла, Манлын дончид, Манлын лхого хурж байна.

Шинийн найманг Манлын дүйцэн өдөр хэмээдэг. Энэ хурал нь Манла бурханыг урин залж, тахил өргөн, айлтгал даатгал айлтгаж, Манла бурханы хот мандлыг бүтээж, түүнийгээ гороолон тойрч буян хийн, хамаг амьтныг өвчингүй зовлонгүй байхын тухайд даатгадаг томоохон хурал юм. Энэ зан үйл нь Ламын чодва буюу Багшийн тахилгаар эхлэх бөгөөд Богд лам тэргүүтэй мэргэдийн шавдан солдэв буюу өлмий бат оршоох ерөөл, Найман Манла бурханы тахилгын зан үйл, ухиал өргөх, мандал өргөх сэлт, Сайн явдлын ерөөлийн хаан, хураангуй, их хураангуй, дэлгэр Манла бурхадын соёрхол тавих ерөөл зэргийг гүйцэд багтааж горимлон эрэмбэлсэн зан үйлийн цогц юм.
Тахилга уншлагын зан үйл төгсгөлийн хэсэгт сүсэгтэн, өглөгийн эзэд, хийдийн хуврагуудын хамт мянган тахил бүхий Манла бурханы заларч буй хот мандалд 1000 удаа сунаж мөргөн, Манла бурханы тарнийг 1,000 удаа тоолон уншдаг.

Мөн Манла бурханы хот мандлыг 1,000 удаа гороолно. 1,000 удаа мөргөхдөө тэргүүлэшгүй цагаас хураасан хийгээд энэ насанд санаатай болон санамсаргүй бие, хэл, сэтгэлээр үйлдсэн, үйлдүүлсэн, бусад хүмүүсийн нүглийн үйлэнд даган баяссан гэх мэт бүх нүгэл хилэнцээ гэмшин наминчилж, хойшид үйлдэхгүй хэмээн боомтлох сэтгэлийг хатуу чанд үүсгээд, унал доройтол, өвчин, цаг бусын үхэл, ад, дөрвөн зүйлийн саад зэтгэр, лус, гараг адын хорлол, лусын хорлол, Бүднарын хорлол зэргээс гэтэлж, өвчингүй амгалан, үгүйрэлгүй дорвилог болохын шалтгаан, нөхцлийг цогцлоолоо гэх бодлыг өөртөө үүсгэх учиртай. Мөн өөрийн хийгээд бусдын хүссэн санаа номыг ёсчлон бүтээсэй, хойд төрөл тутамдаа бурханы шашинтай учраасай гэх ерөөлийн сэтгэлийг үүсгэнэ.

Сунаж мөргөж буй нь бурханы шашны долоон гишүүнт буяны үйлийн эхнийх нь юм. Бусад хүмүүсийн буяны үйлд даган баясаж буй нь долоон гишүүнт буяны үйлийн дөрөв дэх нь билээ. Бурханы зүрхэн тарнийг 1,000 удаа уншиж буй нь Манла бурханы лагшин, зарлиг, тааллын эрдэм увидасыг өөртөө шингээж буй үйл бөгөөд хэлээр үйлдсэн дөрвөн зүйл нүгэл хилэнцийг арилгаж буй үйл юм. 1,000 удаа хот мандлыг гороолж буй нь хойд төрөлдөө Манла бурханы оронд төрөхийн билгэ зохиож, ерөөл тавьж буй үйл юм.

Манла бурханыг шүтэж, Шинийн наймны их хуралд даган баяссанаар бурхан бүгд таалан аварч, өвчнөөр өвдөхгүй, урт насалж, цаг бусаар үхэхийн зовлонгоос ангижирч, үхэл, дайсан, ад, хэрүүл, тэмцэл, салж хагацах гэх мэтээс гэтлэн, дайсан тотгорын эрхэнд үл орж, юу санасан сайн санаа бүхэн номын ёсоор ёсчлон бүтэх болно хэмээн Манба Дацан хийдийн хурлын лам Б.Сүхбат тайлбарлалаа.

Буянт-Ухаад ном хурах цэнгүүн хоёр өдөр үргэлжилнэ

Мөн Тийн унжлагат хэмээх шороон нохой жилийн засал, ном хурах цэнгүүн шинийн найман, есний 14:00 цагт Буянт-Ухаа цогцолборт болох гэж байна. Заслыг Эрдэмт хувилгаан Ренбүүчи багш нар, Монголын их хүрээ хийдийн лам хуваргуудын хамт хийж, ном айлтгана. 

Ном хурах цэнгүүний үеэр:

  • Жавши- 400 их балин тахил бүхий Бурханы шашны томоохон гүрэм Жавши засал хийнэ. Жавши нь  4 зүгээс  хүн амьтны амьдралд гай тотгор үзүүлэгч хар, шар, улаан, цагаан зэтгэр буюу хорлогчийг номхотгох, томоохон засал юм.
  • Буян хишгийн даллага ба Алтангэрэлийн даллага- Гол шүтээн намсрай бурхандаа залбирч үргэлж бурхан сахиусын авралыг даллах, эдгэршгүй өвчний ерөндгийг даллах, эргэлзээ тээнэгэлзээгүй оюуныг даллах, доод гурван заяанд унахгүй дээд сайхан төрлийг даллах, идээ ундаа, хувцас хэрэглэл ,эд баялаг  бүхнийг  есөн үедээ дэлгэрэхийг даллах, таван хошуу малыг тал дүүрэн болгохыг даллах, үхэл хагацлыг үл халдаах урт насыг даллах.
  • Лхам тахина- Арван хангал сахиуснаас лхам сахиус нь замба тивийг дааж хойд мөсөн далайд оршдог гэж үздэг Дэлхийг даасан бурхан учир үр хүүхдийн буян заяа, хань ижлийн  сайн сайхан, ажил үйлс дэлгэрэн дээшлүүлэх, архи болон элдэв зүйлд  донтох хорлолоос гэтэлгэх увидастай.

Унших номууд :

  • Жавши-400 тахилт бурханы шашны том гүрэм засал
  • Буян хишгийндаллага
  • Лхам тахина
  • Нанжиддашзэвэг
  • 4 н уулын сан,сэржим
  • Гэгдор
  • Жанаггагдагa
  • Дашдондов
  • Түй, мандал өргөх
  • Сүсэгтэн олон та бүхэн “шороон нохой жилийн засал”-д хүрэлцэн ирснээр нохой жилийнхээ засал, номыг нэг дор хийлгэх боломжтой.