Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/02/23-НД НИЙТЛЭГДСЭН

Трамп охиноо, Ким генералаа Пёнчаны олимпийн хаалтын ажиллагаанд илгээлээ

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 2 сарын 23
iKon.MN
Зураг зураг

Пёнчаны Өвлийн Олимпийн хаалтын ажиллагаанд АНУ, Хойд Солонгосын талууд дээд хэмжээний төлөөлөгчдөө илгээж байгаа нь тус хоёр улсын хооронд яриа хэлэлцээр эхэлж магадгүй гэсэн найдлага төрүүлж байна.

Уулзалтын талаар нээлтийн ажиллагаанд оролцсон АНУ-ын дэд ерөнхийлөгч Майк Пэнс, Хойд Солонгосын удирдагч Ким Жон Уны дүү Ким Ё Жоныг дагалдаж ирсэн албаныхан тохиролцсон байх өндөр магадлалтай гэнэ.

Хаалтын ажиллагаанд Хойд Солонгосын Хөдөлмөрчдийн Намын нэгдсэн фронтын хэлтсийн дарга, генерал Ким Ён Чол оролцохоор Ням гарагт ирж, Мягмар гараг хүртэл саатахаар болсныг өчигдөр Сөүлийн тал мэдээлжээ.

Түүнтэй хамт албаны долоон хүн ирэх юм.

Үүнээс хэдхэн цагийн өмнө АНУ-аас ерөнхийлөгч Дональд Трампын охин Иванка Трамп Баасан гарагаас Даваа гараг хүртэл Өмнөд Солонгост айлчлахаар болсныг Хөх ордон зарлажээ. Тэр эцгийнхээ улс төрийн зөвлөхийн статустай ажилладаг юм.

Хаалтын ажиллагаа Ням гарагийн орой болох бөгөөд бусад үед Вашингтон, Пёньяны төлөөлөгчдийн Өмнөд Солонгост байх цаг хугацаа давхцаж байгаа нь анхаарал татаж байна.

Пёнчаны олимпийн үеэр хоёр Солонгосын харилцаанд эерэг үзэгдлүүд гарч эхэлсэн ч Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Мүүн Жэ Ин Вашингтон-Пёньяны яриа хэлэлцээргүйгээр энэ харилцаа удаан үргэлжлэхгүй гэдгийг мэдэгдээд байгаа.

Тиймээс Сөүл дайсагнагч талуудын хооронд зуучлахаар чармайн ажиллаж байгаа юм. Нээлтийн маргааш буюу хоёрдугаар сарын 10-нд Майк Пэнс, Ким Ё Жон нарыг нууцаар уулзуулах гэж Сөүлийн эрх баригчид оролдсон нь өнгөрсөн Лхагва гарагт тодорхой болсон.

Гэвч уулзалт болохоос хоёр цагийн өмнө Хойд Солонгосын тал урилгаас татгалзсан байна. Шалтгааныг нь Майк Пэнс Хойд Солонгосын эсрэг хатуу байр суурьтай байсантай холбоотой гэж үзсэн юм.

Харин Иванка Трамп түүнтэй харьцуулбал Хойд Солонгост илүү зөөлөн ханддаг нь уулзалт болох найдлага төрүүлж байна.

 

Эх сурвалж: Korea Times