Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/02/23-НД НИЙТЛЭГДСЭН

Тайваньд биткоин дээрэмдсэн анхны хэрэг бүртгэгджээ

Р.Түвшин, iKon.mn
2018 оны 2 сарын 23
iKon.MN
Зураг зураг

Тайваний цагдаа хувь хүнээс биткоин дээрэмдсэн тус улсын анхны гэмт хэргийг илрүүлж, дөрвөн сэжигтнийг баривчилснаа өчигдөр мэдээлжээ.

Биткоин бол 2009 онд бий болсон дижитал валют бөгөөд зөвхөн виртуал орчинд хэрэглэгддэг. Хорь гаруй насны гурван залуу тус улсын Тайчун хотын төвд Тай нэртэй иргэнээс биткоин худалдаж авах зорилгоор уулзсан байна.

Тай тэдэнд өөртөө зарах биткоин байгааг батлах зорилгоор гар утасныхаа дансыг харуулжээ. Энэ үеэр гэмт этгээдүүд гар утсыг нь булааж нийт 18 ширхэг биткоиныг өөрсдийн дансанд хүчээр шилжүүлж авсан байна.

Энэ нь өнөөдрийн ханшаар $180,000 орчим болж байгаа юм.

Дараа нь тэд дээрмийн хэргээ согтуу хүмүүсийн маргаан мэтээр харагдуулахын тулд иргэн Тайд хүчээр архи уулгасан байна.

Дуудлага авсан цагдаа нар хэргийн газраас дээрэмчдийн нэгийг баривчилсан бол дараа нь зугтсан хоёр этгээдийг баривчилжээ. Мөн сүүлд хэргийг зохион байгуулсан гэх дөрөв дэх этгээдийг баривчилсан байна. Биткоин зэрэг крипто валютыг онлайн орчинд луйвардсан хэргүүд олон гардаг бол бодит амьдрал дээр хүч хэрэглэн дээрэмдсэн хэрэг ийнхүү анхнаасаа гарч эхэлжээ.

Өнгөрсөн сард Их Британид анхны ийм дээрмийн хэрэг гарч, нэгэн крипто валютын арилжаа эрхлэгчийг эхнэртэйгээ явж байхад нь буу тулган дээрэмдсэн юм.

Крипто валют нь ямар нэг зохицуулалтгүй, банк, засгийн газраас хараат бус зүйл тул нэгэнт алдсан бол эргэж олох боломж бараг байхгүй. Улс орнууд биткоиныг төлбөрийн хэрэгсэл гэж хүлээн зөвшөөрөхгүй байгаа ба хэрхэн зохицуулах талаар ид хэлэлцэж байгаа юм.

 

Эх сурвалж: AFP