Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/02/22-НД НИЙТЛЭГДСЭН

"Иргэдийн шаардлага хангасан орон байраар хангагдах эрх зөрчигдөж байгаа нь тайланд дурдагдсан"

Г.Өлзийхутаг, iKon.mn
2018 оны 2 сарын 22
iKon.MN
 

Дэлхийн 159 улс орныг хамарсан хүний эрхийн төлөв байдлын 2017-2018 оны тайланг Эмнести Интернешнл өнөөдөр олон нийтэд танилцууллаа.

Уг тайланг танилцуулахдаа Хүний эрхийн түгээмэл тунхаглал батлагдаад 70 жилийн ой болж буй энэ өндөрлөгөөс харахад хүмүүст заяамал эрхээ эдлэх бүрэн баталгаа байхгүй байна гэдгийг онцолсон юм. 

Дэлхийн хүний эрхийн нөхцөл байдлыг 2017 оны турш дэлхий даяар ад үзэх, адлах бодлого дэлгэрсний гашуун үрийг нь сая сая хүмүүс амсаж байна хэмээн анхааруулсан юм.

Гаргасан ахицаа ухраахгүй байх тал дээр анхаарах хэрэгтэй

МУИС-ийн хууль зүйн сургуулийн багш доктор, дэд профессор О.Мөнхсайхан “Өнгөрсөн 26 жилийн турш хүний эрхийн тал дээр чамлахааргүй ахиц гарсан.  Хэдийгээр ахиц дэвшил гарсан ч манайд хүний эрхийг зөрчиж байгаа мөн гаргасан ахицаа ухраах асуудал гардаг. 

Үүний нэг жишээ бол Монгол Улс 2017 оны долоодугаар сарын 1-нээс эхлээд цаазаар авах ялыг бүрэн хаасан нь ололт амжилт гэж үзэж байсан хэдий ч Монгол Улсын ерөнхийлөгчийн 11 сард  Хууль зүй дотоод хэргийн яаманд хүргүүлсэн цаазаар авах ялыг сэргээх эсэх санал нь олон улсын түвшинд ухралт хэмээн үзсэн. 

Учир нь Монгол Улс иргэний болон улс төрийн гэлтгүй олон улсын 20 дугаар протоколд нэгдэж орсон. Гэвч хууль хэрэгжээд удаагүй байхад төрийн тэргүүний хувьд тийм санал гаргасан нь Олон улсын хувьд хүний эрхийн ухралт байна гэж дүгнэсэн. Иймд гаргасан ахицаа ухраахгүй байх тал дээр манайх анхаарах хэрэгтэй болж байна.

Мөн Үндсэн хуульд манайх ардчилсан улсуудад байдаг олон улсын гэрээнд хүлээн зөвшөөрсөн хүний нийтлэг үндсэн эрхийг томъёолж өгч чадсан. Хамгийн гол нь бид үүнийг хэрэгжүүлэх зөв тайлбарлаж ойлгох дээр асуудал гараад байна. 

Жишээ нь Улаанбаатар хотод гэр хорооллыг дахин төлөвлөхтэй холбоотойгоор гэр хорооллын айлуудын газрыг дайчлан авах ажил хийгдэж байгаа ч харамсалтай нь зарим тохиолдолд зах зээлийн үнээс 3-10 дахин бага үнээр газрыг нь авах нь хүмүүсийн орон байраар хангагдах эрхийг нь зөрчөөд байна гэсэн асуудал гарч байна.

Монгол Улсад тайвнаар жагсаал цуглаан хийх эрхийг үндсэн хууль баталгаажуулж өгсөн байдаг ч энэтэй холбоотой зөрчлүүд маш их гарч байна. Манайд тайвнаар жагсаал цуглаан хийх журмын тухай хуулиар жагсаал хийх мэдэгдлийг Засаг даргад бүртгүүлж зөвшөөрөл өгөх ийм зохицуулалт байдаг хэдий ч Засаг дарга нь өөрөө улс төрийн албан тушаалтан учир  өөрийн болон өөрийнхөө намын эсрэг төрийн үйл ажиллагааг шүүмжилсэн жагсаалыг хийхийг татгалздаг.

Мөн тайван жагсаал хийж буй хүмүүсийг хуульд заасан журам зөрчиж цагдаа нар албадан тараадаг гэх мэт ийм зөрчлүүд гарч байна. Шүүх маань эдгээр эрхүүдийг үндсэн хуулиар тайлбарлаж сэргээж чадахгүй байгаа ноцтой зүйлүүд байна. 

Яагаад энэ олон зөрчил гараад байна гэхээр УИХ, Цэц, Хүний Эрхийн Үндэсний Комисс, шүүх гэсэн үүнийг тусгайлан хариуцсан байгууллагууд хангалттай ажиллаж чадахгүй байгаа юм” гэсэн юм.  

Хүний эрхийг хамгаалагч нарыг хамгаалахгүйгээр иргэдийн эрхийг хамгаалах боломжгүй

 

Монголын Эмнести Интернешнлийн хуульчдын бүлгийн ахлагч Р.Очирбал “Өмнөх тайланд орж байгаагүй онцлон тэмдэглэж буй хоёр асуудал байгаа.

Эдийн засаг нийгэм соёлын эрхийн олон улсын хэрэгжилт Монгол Улсад ямар байна вэ гэдэг асуудал. Ялангуяа Малчдын эрхийн асуудлыг олон улсын тайланд тусгайлан дурдсан байна.

2017 оны 9 сард зүүн Азийг хариуцсан олон улсын судлаач Монгол Улсад ирж Дорноговь аймгийн Даланжаргалант сумын иргэдтэй очиж уулзсан. Тэнд нэг талд уул уурхайн салбар нөгөө талд нүүдэлчин соёл иргэншил болон малчид байсан. Уурхайтай хаяа дэрлэн амьдарч байгаа малчдын хувьд бэлчээрийн доройтолд орсон. Тэднийг төрөөс эсвэл тухайн уул уурхайн кампаниас хүчээр нүүлгэн шилжүүлдэггүй.

Гэхдээ малчдын ярианаас бол хүн амьдрах битгий хэл малаа маллах аргагүй байгаа учраас иргэд тэндээс дайжиж байгааг бидэнд хэлсэн. Гэсэн ч бэлчээрийн  хүртээмж муутайгаас болоод зарим иргэд тэнд байсаар байна.

Иргэд айдастай амьдарч дээрээс нь эрүүл аюулгүй газар амьдрах, цэвэр усаар хангагдах зэрэг эдийн засаг нийгэм соёлын тухай олон улсын фактаар хамгаалагдсан суурь эрх тэнд зөрчигдөж байна.

Мөн Эмнести Интернешнл байгууллага 2017 оны туршид бас нэг зүйлийн тухай ярьсан нь иргэдийн шаардлага хангасан орон байраар хангагдах эрх зөрчигдөж байгаа тухай бөгөөд энэ асуудал мөн тайланд дурдагдсан байна.

Сүүлийн жилүүдэд манай байгууллагад хоёр ба гурван талт  гэрээний улмаас уг эрх нь зөрчигдсөн иргэд олноор хандаж байна. Бид  төрөөс энэ олон жил орон байргүй болж буй иргэдийг түр орон сууцаар хангах шаардлагыг тавьсаар ирсэн. Одоо нэр төдий байдлаар буюу түр хугацаагаар хангаж эхлэж байгаа ч энэ нь эрх зөрчигдсөн иргэдийн эрхийг хамгаалахад хангалтгүй байна гэж үзэж байна.

Шүгэл үлээгч, Хүний эрхийг хамгаалагч нарын хамгаалалтыг Монгол улсад бэхжүүлэх асуудлыг олон улсын тайланд дурдсан.

Учир нь хүний эрхийн төлөө дуу хоолойгоо хүргэж байгаа эсвэл төрийн болон бизнесийн байгууллага нуугдсан  шударга бус зүйлийг илчилсэн хүмүүсийг хамгаалдаг механизм манай улсад алга байна. Харин ч тэр иргэдийг хүйсээр нь эсвэл ажиллаж буй орчинд нь ялгаварлан гадуурхаж байна.

Хүний эрхийг хамгаалагч нарыг хамгаалахгүйгээр иргэдийн эрхийг хамгаалах боломжгүй гэдгийг тусгасан” гэв.