Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/02/22-НД НИЙТЛЭГДСЭН

Трамп багш нарыг зэвсэглэх санал гаргажээ

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 2 сарын 22
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп өчигдөр Флоридагийн дунд сургуульд болсон зэвсэгт халдлагаас амьд үлдсэн сурагчид, эцэг эх, багш нарын төлөөллийг Цагаан ордонд хүлээн авч уулзжээ.

Тэд галт зэвсгийн хяналтыг чангатгах хэрэгтэй байгааг ерөнхийлөгчид уламжилсан юм.

Харин Трамп энэ үеэр өөр нэг санал гаргасан нь сургуулийн багш, ажилчдыг зэвсэглэснээр ийм аллагыг бууруулах тухай байв. Хоёрдугаар сарын 14-нд Флоридагийн Парклэндийн дунд сургуульд тус сургуульд суралцаж байсан 19 настай этгээд нэвтрэн гал нээж нийт 17 хүний амийг хороосон юм.

Трамп “Хэрвээ та нарт галт зэвсэгтэй багш нар байсан бол тэд халдлагыг түргэн зогсоож чадна. Олон хүн эсэргүүцэж, бас олон хүн дэмжих байх. Гэхдээ бид энэ саналыг нухацтай ярилцах болно” гэжээ.

Тэрээр ийм практик нь нисэх онгоцонд гардаг халдлагыг эрс бууруулсан гэж тайлбарласан байна. Трамп сургуулиудын нийт багш, ажилчдын 20 хувийг зэвсэглэхэд л халдлагын тоо эрс буурна гэж үзжээ.

“Зэвсэгт халдлага дунджаар 3 минут үргэлжилдэг. Гэтэл цагдаа дуудахад 5-8 минутын дараа ирнэ” гэж тэр үндэслэлээ тайлбарласан байна.

Трамп бас саяхан хагас автомат бууг бүрэн автомат болгодог нэмэлт төхөөрөмжүүдийн худалдааг хориглох саналаа гаргаад байгаа. Он гарсаар АНУ-д нийтдээ 18 зэвсэгт халдлага сургуулиудад гараад байна.

 

Эх сурвалж: Russia Today