Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/02/22-НД НИЙТЛЭГДСЭН

"Монгол Улсын хүн ам хэт таргалалттай мөртлөө хоол тэжээлийн дутагдалд орсон байна"

Т.Саран, iKon.mn
2018 оны 2 сарын 22
iKon.MN
Зураг зураг

"Монгол Улсын хүн амын хоол тэжээлийн байдал" үндэсний 5-р судалгааны дүнг өнөөдөр танилцууллаа. 

Судалгааны дүнгээс харвал аминдэм, эрдсийн дутагдлын тархалт түгээмэл хэвээр, 2010 оны түвшингээс буураагүй байна. 

Судалгаанаас гарсан онцлох үр дүнгүүд:

  • 5 хүртэлх насны хүүхдийн 26.6%, эхчүүдийн 16.1%, жирэмсэн эмэгтэйчүүдийн 21.4% цус багадалттай,
  • 6-59 сартай хүүхдийн 27.7, жирэмсэн эмэгтэйчүүдийн 29.6% төмөр дутагдалтай байгааг тогтоожээ. 
  • Д аминдэм дутагдлын тархалт хүүхэд, насанд хүрэгчдийн дунд маш түгээмэл байна. 
  • Нийт өрхийн 78.9% зохистой түвшинд иоджуулсан давс хэрэглэж байгаа бөгөөд Баруун болон Хангайн бүсийн хүн ам, жирэмсэн эмэгтэйчүүд иодын дутагдалд өртөх эрсдэл хэвээр байна. 
  • 5 өрх тутмын нэгд нь хүнсний баталгаат байдал алдагдсан байна. 
  • Насанд хүрэгчдийн тэн хагас, сургуулийн насны хүүхдийн 3 хүүхэд тутмын нэг нь илүүдэл жинтэй.  
  • Нялх хүүхдийн эхийн сүүгээр дагнан хооллолт хангалтгүй. 
  • Нийт хүн амын хоногт хэрэглэдэг хүнсний бүтээгдэхүүний нэр төрөл цөөн байна. 

​Таргалалтын гол шалтгаан нь хөдөлгөөний хомсдол

 
Гэрэл зургийг mpa.mn

Монгол дахь НҮБ-ын хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Алекс Хайкенс "Хүүхдүүдийн дунд хоол тэжээлийн дутагдал их байна. Монгол Улсын хүн ам хоол тэжээлийн байдлын хувьд хэт таргалалт, хоол тэжээлийн дутагдал гэсэн давхар ачаалалтай байгаа нь судалгааны үр дүнгээс харагдаж байгаа юм. Хоол тэжээлийн дутагдал ба илүүдлийн асуудлыг шийдэхийн тулд Засгийн газар хоол тэжээлийн үндэсний хөтөлбөрийг баталсан. 

Мөн саяхан Нялх балчир хүүхдийн хүнсний тухай хуулийг баталсан байгаа. Эдгээр хуулиуд дээр давхар дарамтын асуудлыг шийдэх оновчтой аргуудын талаар нарийн төлөвлөгөө байгаа. Хуулиудад санхүүжилт хэрэгжилтийн дэмжлэг үзүүлэх шаардлагатай байгаа. 

Таргалалтын гол шалтгаан нь хөдөлгөөний хомсдол болж байна. Мөн хүн амын хооллолтын байдал өөрчлөгдсөн зэрэгтэй холбоотой" гэлээ. 

Судалгаагаар манай улсад хоол тэжээлээс хамааралт эмгэгийн дарамт өндөр байгааг тогтоожээ. Түүнчлэн хүн амын аминдэм, эрдсийн дутагдал тархалт өндөр, 5 хүртэлх насны хүүхэдтэй өрхийн 64.9 хувь нь хүнсний баталгаат байдал нь ямар нэг хэмжээгээр алдагдсан байна. 

Хүн амын илүүдэл жин ба таргалалтын асуудал нийгмийн эрүүл мэндэд ноцтой сөрөг үр дагавар учруулах түвшинд хүрчээ. Илүүдэл жин, таргалалт нь насанд хүрэгчдийн дунд маш өндөр, хүүхдийн дунд нэмэгдэж байгаа нь онцгойлон анхаарвал зохих асуудал болжээ. 

Нийтэд хүртээмжтэй байдаг хүнсийг баяжуулах асуудал чухал байна

 
Гэрэл зургийг mpa.mn

ШУТИС-ийн үйлдвэрлэлийн технологийн сургуулийн захирал Ж.Туяацэцэг "Нийт хүн амын ихэнх хувьд нь шим тэжээлийн дутагдал их байна. Бичил элементийн дутагдлыг арилгахын тулд нийтэд хүртээмжтэй байдаг хүнсийг баяжуулах асуудал чухал. Энэ тухай бид дараагийн шатанд ямар арга хэмжээ авах талаар санал солилцож байна.

Хүн амын гол хэрэглээ болсон гурил, сүүн бүтээгдэхүүнийг эхний ээлжинд шим тэжээлээр баяжуулах төлөвлөгөөтэй байгаа. Гэхдээ үүнийг шууд маргаашнаас эхлэх боломжгүй. Үүнийг цаашид ямар арга замаар хүртээмжтэй зохион байгуулах талаар хэлэлцэнэ" гэв. 

Таргалалтын тархалтыг зогсоон барих, бууруулахын тулд дараах арга хэмжээг хэрэгжүүлэхийг зөвлөж байна. 

Үүнд: 

  • Эрүүл хооллолтын талаарх хүн амын, олон нийтийн мэдлэгийг дээшлүүлэх, эрүүл хооллолтын дадлыг төлөвшүүлэх мэдээлэл харилцааг өргөжүүлэх,
  • Эрүүл хооллолт идэвхитэй хөдөлгөөнийг дэмжсэн орчин бүрдүүлэх, эрх зүйн зохицуулалтыг бий болгох, 
  • Аминдэм, эрдсээр баялаг жимс, хүнсний ногооны тариалалтыг нэмэгдүүлж, хүн амын хэрэглээг дэмжих,
  • Хүүхдийг эрүүл бус хүнсний зар сурталчилгаанаас хамгаалах эрх зүйн зохицуулалтыг бий болгох, 
  • Сургуулийг эрүүл хооллолт, идэвхтэй хөдөлгөөнийг дэмжсэн орчин болгох.

"Монгол Улсын хүн амын хоол тэжээлийн байдал" судалгааг Нийгмийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв НҮБ-ын хүүхдийн сангийн санхүү, техникийн дэмжлэгтэйгээр 2016-2017 онд хийжээ. 

Судалгаанд Монгол Улсын эдийн засгийн дөрвөн бүсийн 21 аймаг, нийслэлийн 8 дүүргээс санамсаргүй түүврийн аргаар сонгогдсон 94 сум, 30 хороо хамрагджээ.