Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/02/22-НД НИЙТЛЭГДСЭН

Нидерландын тэшүүрчин нохойн махны талаар үг хэлж Солонгосчуудыг хилэгнүүлэв

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 2 сарын 22
iKon.MN
Зураг зураг

Пёнчаны Өвлийн олимпийн наадамд оролцож байгаа Нидерландын тэшүүрчний хэлсэн нохойн махтай холбоотой үг Солонгосчуудыг гомдоожээ.

 Өнөөдөр болсон уралдаанд багаараа хүрэл медаль хүртсэний дараа хэвлэлийн хурал дээр тэшүүрчин Ян Блокхуйзен “Энэ улсад хүмүүс нохойнд сайн ханддаг болохыг хүсэж байна” гэж хэлсэн юм.

Хэвлэлийн хурал дуусах үед багийн өөр нэг гишүүн Свен Крамер сэтгүүлчдээс “Та нар бүгд Япончууд уу?” гэж асуусны дараа Блокхуйзен энэ үгийг хэлээд тэд танхимаас гарч явцгаасан байна.

Энэ явдлын дараа Өмнөд Солонгосын иргэд бухимдлаа онлайн орчинд илэрхийлцгээж эхэлжээ. Тэдний зарим нь Блокхуйзеныг үндэс угсаагаар хүмүүсийг ялгаварласан үг хэлснийх нь төлөө Олон Улсын Олимпийн Хороо шийтгэл оноох хэрэгтэй гэсэн байна.

Өөр нэг хүн “Өмнөд Солонгосын засгийн газар албан ёсны эсэргүүцэл илэрхийлэх хэрэгтэй. Манай оронд ихэнх залуу үеийнхэн нохойн мах иддэггүй. Ядуу тарчиг амьдарлын улмаас иддэг байсан нь одоо зарим нэг хүмүүст уламжлал болж үлдээд байгааг ойлгох хэрэгтэй” гэж үзэл бодлоо илэрхийлжээ.

Олимпийн наадмын үеэр амьтны эрхийг хамгаалагчид энэ сэдвийг хөндөхөөс Өмнөд Солонгос ихэд болгоомжилж байсан юм.

Сүүлийн жилүүдэд нохойн мах иддэг уламжлал хүн амын зарим хэсэгт нь хадгалагдсан хэвээр байгаа Хятад, Тайвань, Өмнөд Солонгос зэрэг Азийн орнууд олон улсын шүүмжлэлд өртөх нь нэмэгдээд байна.

 

Эх сурвалж: Korea Times