Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/02/22-НД НИЙТЛЭГДСЭН

Манай улс Авлигын индексээр хоёр жилийн дотор 31 байр УХАРЛАА

Ж.Хулан, iKon.mn
2018 оны 2 сарын 22
iKon.MN
Зураг зураг

Берлинд төвтэй олон улсын "Транспаренси Интернэшнл" байгууллагаас өнөөдөр дэлхий даяар 2017 оны "Авлигын төсөөллийн индекс"-ийг зарлаж байна. 

Тус индексийг гаргахдаа олон улсын байгууллагууд салбар бүрийг 0-100 оноог хүртэл дүгнэдэг бөгөөд нийлбэр нь 50 онооноос доош бол авлига ноцтой хэмжээнд байгааг харуулж байгаа юм. 

Авлига хамгийн багатай орноор Шинэ Зеланд, Дани нэрлэгдсэн бол хамгийн ихтэй орноор Өмнөд Судан, Сири, Сомали оржээ.

Манай улс 2017 онд 36 оноо авснаар 16 байраар ухарч 103 дугаарт эрэмбэлэгдлээ. Өнгөрсөн жил мөн 15 байраар ухарч 87 дугаарт эрэмбэлэгдэж байсан юм. Үүнээс харвал Монгол Улс 2 жилийн дотор 31 байраар ухарсан харамсалтай үзүүлэлт гарчээ. 

"Транспаренси Интернэшнл" байгууллагын гүйцэтгэх захирал О.Батбаяр "Авлигын индексийн судалгааг өнөөдөр дэлхийн 130 оронд зэрэг зарлаж байна. Авлигын индексийн Монгол дахь судалгааг улсын  гэх гурван засаглал дахь авлигыг үнэлсэн. 

Манай улсын оноо өнгөрсөн оныхоос хоёроор буурч, 36 оноо авсан.

Ерөнхий зөвлөмжийн дагуу хууль тогтоох, гүйцэтгэх байгууллага, шүүх засаглалууд авлигын эсрэг шаардлагатай эрх зүйн орчинг бүрдүүлэх, шүүгч, прокурорууд шударга шийдвэр гаргах, хараат бус байдлыг бэхжүүлэх мөн төрийн байгууллагууд авлигын орчинг бүрдүүлэхгүй байх, зохиомол хүнд суртал, авлигын эрсдэлийг үүсгэхгүй байх, бизнесийн салбарт чөлөөт өрсөлдөөнийг бий болгож, худалдан авалт, төсвийн зарцуулалтыг хариуцлагатай, ил тод болгох шаардлага тулгарч байна. 

Хэрэв дээрх зөвлөмжийг хэрэгжүүлж чадвал авлигын индексийн тоо нэмэгдэх боломжтой" гэлээ.

Хүснэгт: 

 

Монгол Улсын авлигын индекс:

  • 2012 онд- 36 оноо
  • 2013 онд- 38 оноо
  • 2014 онд- 39 оноо
  • 2015 онд- 39 оноо /72 дугаар байр/
  • 2016 онд- 38 оноо /87 дугаар байр/
  • 2017 онд- 36 оноо /103 дугаар байр/-т орсон байна.

Сүүлийн таван жилийн үзүүлэлт зогсонги байдалд байгаа нь авлигын эсрэг чиглэлд хууль эрх зүйн томоохон өөрчлөлт хийгээгүйтэй холбоотой гэж үзжээ.

Түүнчлэн Дэлхийн шударга ёсны төсөл, Улс орнуудын хуулийн засаглалын индекс хоёр оноогоор буурч, 36 оноо авсан нь хуулийн засаглал дахь шударга байдлын үнэлгээ буурсныг харуулж байгаа юм. 

Улс төрчдийн нөлөө ба авлигын эрсдэл прокурор болон шүүгч нарын шийдвэрт нөлөөлж байгаа нь оноо буурахад нөлөөлсөн байх талтай учир хараат бус байдлыг бэхжүүлэхэд онцгойлон анхаарах шаардлагатайг "Транспаренси Интернэшнл" байгууллагаас зөвлөлөө.

Мөн Төрийн байгууллагууд бизнес эрхлэгчдийн үйл ажиллагаанд зохиомол бэрхшээл, саад тотгор учруулж, улмаар авлигын шалтгаан нөхцлийг үүсгэж байгааг хэлсэн юм.