Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/02/22-НД НИЙТЛЭГДСЭН

Apple анх удаагаа кобальт авах гэрээг олборлогчтой нь шууд байгуулах гэж байна

Р.Түвшин, iKon.mn
2018 оны 2 сарын 22
iKon.MN
Зураг зураг

Apple компани анх удаагаа байгалийн ховор эрдэс болох кобальтыг шууд олборлогчоос нь худалдаж авах урт хугацааны гэрээ байгуулахаар ажиллаж байгааг ойрын эх сурвалжууд мэдээлжээ.

iPhone, iPad төхөөрөмжүүдийн баттерейг үйлдвэрлэх гол түүхий эд кобальтын нөөц дэлхий даяар багасаж байгаагаас ийм арга хэмжээ авч байгаа бололтой. Мөн цахилгаан хөдөлгүүртэй автомашины хөгжил кобальтын эрэлтийг улам нэмэгдүүлэхээр байгаа юм.

Өнөөдрийг хүртэл Apple түүхий эдийн асуудалд оролцдоггүй, зөвхөн баттерей нийлүүлэгчид уг асуудлыг даатгадаг байв. Дэлхийн нийт кобальт олборлолтын дөрөвний нэгийг ухаалаг гар утасны үйлдвэрлэлд ашигладаг гэсэн тоо бий.

Apple таваас дээш жилийн хугацаанд олон мянган тонн кобальт жил бүр нийлүүлэх олборлогчтой гэрээ байгуулах сонирхолтой байгааг эх сурвалж баталжээ. Кобальт бол гар утсанд хэрэглэдэг лидиум-ион баттерейны гол түүхий эд. Нэг гар утсанд найман грамм орчим баяжуулсан кобальт ордог бол цахилгаан автомашинд үүнээс 1,000 дахин илүү орох юм.

Эрэлт ийм өндөр байгаагаас сүүлийн 18 сарын хугацаанд кобальтын үнэ гурав дахин өсөж, нэг тонн нь $80,000 хүрээд байна.

Нийт кобальтын гуравны хоёр нь Африкийн Ардчилсан Конгын БНУ-аас  нийлүүлэгддэг. Гэвч энэ улсад байнгын үймээн самуун болж байдаг, хүүхдийн хөдөлмөрийг ашигладгаараа алдартай.

Дэлхийн нийт кобальт нийлүүлэлтийн 62 хувийг Хятадууд хянаж байгаа бол үүний 90 хувь нь Конгоос гаралтай байдаг гэнэ.

Цахилгаан машин, гар утасны үйлдвэрлэлээр дэлхийд хүчтэй өрсөлдөж байгаа Хятад улс өнгөрсөн оны эхний 9 сарын хугацаанд $1.2 тэрбумын кобальт Конгоос импортлосон байна.

 

Эх сурвалж: Bloomberg