Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/02/21-НД НИЙТЛЭГДСЭН

2017 оны дэлхийн хамгийн баян 10 хар арьстан

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 2 сарын 21
iKon.MN
Зураг зураг

Дэлхийн хамгийн баян хүмүүсийн нэрсийг Форбс сэтгүүл жил бүр гаргаж олон нийтэд танилцуулдаг. Тэрбумаар хэмжигдэх хөрөнгөтэй 2,043 хүн дэлхий даяар амьдарч байгааг тус сэтгүүлийн 2017 оны жагсаалтаас харж болно.

Тэдний эхний 23 хүний нийлбэр хөрөнгө $1 их наяд болж байгаа юм. Харин эдгээрийн дотор ердөө 10 хүн буюу нэг хувьд хүрэхгүй тооны хүмүүс Африк гаралтай, хар арьстнууд байна. Өмнөх жил тэдний тоо 12 байснаас буурсан нь энэ ажээ.

Эдгээр 10 эрхмийн 3 нь эмэгтэй, нэгээс бусад нь бүгд өөрийн хүчээр хөрөнгөө босгосон хүмүүс байна.

Ингээд манай гарагийн хамгийн их хөрөнгөтэй 10 хар арьст хүнтэй танилцуулж байна.

 

10. Мохаммед Ибрахим, $1.18 тэрбум

 

Суданд төрсөн 71 настай Мохаммед Ибрахим одоо Их Британид амьдардаг. Британий 11 дэх баянд тооцогддог. Өөрийн хүчээр баяжсан Ибрахим 2005 онд Celtel International харилцаа холбооны компаниа зарснаар тэрбумтан болжээ. Одоо тэр өөрийн буяны сангаар дамжуулан Африкийн ард иргэдийн амьдралыг дээшлүүлэхийн төлөө ажилладаг.

 

9. Фолоруншо Алакия, $1.49 тэрбум

 

Нигерийн газрын тосны Famfa Oil компанийн дэд ерөнхийлөгч. Нигерийн хувцас загварын брэндийг үүсгэгч. 66 настай, өөрийн хүчээр баяжсан Алакия одоо Нигерийн нийслэл Лагост дөрвөн хүүхдийн хамт амьдардаг. Түүний хүү Фоларин Алакия саяхан Ираны загвар өмсөгч бүсгүйтэй Британид гэрлэж, олон саяын зардалтай тансаг хурим хийсэн юм.

 

8. Майкл Жордан, $1.65 тэрбум

 

Бүх цаг үеийн хамгийн өндөр амжилт үзүүлсэн тамирчдын нэг Майкл Жордан сагсан бөмбөгийн тамирчин байхдаа нийт $90 саяыг олсон гэдэг. Харин зодог тайлсныхаа дараа Nike зэрэг том компаниудтай хамтран ажилласнаар ихэнх хөрөнгөө босгожээ. Одоо 54 настай Жордан Шарлот Хорнетс багийн хувийг эзэмшдэг. Энэ багаас жилд олдог орлого нь тамирчин байх үедээ олсон нийт мөнгөний хэмжээнээс илүү гардаг байна.

 

7. Патрис Моцепе, $2.6 тэрбум

 

Өмнөд Африкийн иргэн 55 настай Моцепе уул уурхайн African Rainbow Minerals компанийн үүсгэн байгуулагч. Африк тивээс төрсөн анхны хар арьст тэрбумтан гэгддэг. Тэр бас Африкаас анх удаа Билл Гэйтсийн “Өгөх амлалт” клубт элсэж, хөрөнгөнийхөө талыг буяны үйлсэд зориулахаар шийдсэн.

Гурван хүүхэдтэй Моцепе эхнэрийн хамт 1999 онд буяны сан байгуулж, нутаг нэгтнүүдийнхээ сайн сайхны төлөө ажиллах болжээ.

 

6. Изабел Душ Сантуш, $2.7 тэрбум

 

44 настай Изабел нь 1979 оноос 2017 он хүртэл Анголын ерөнхийлөгчийн албыг хашиж байсан Жосе Эдуардо Душ Сантушийн охин. Хөрөнгийн ихэнх нь эцгээсээ өвлөгдсөн тул энэ жагсаалтын цорын ганц өөрийн хүчээр баяжаагүй тэрбумтан юм.

Изабел нь бас энэ жагсаалтын хамгийн залуу тэрбумтанд тооцогдож байна. Түүний бизнес олон салбарт хуваагддаг.

 

5. Опра Уинфри, $2.8 тэрбум

 

63 настай Опра нь цорын ганц Африк гаралтай Америк тэрбумтан эмэгтэй. Хүнд хэцүү хүүхэд наснаас хэвлэл мэдээллийн хөрөнгөтөн болтлоо хөдөлмөрлөсөн хүн юм. Опра өглөгчөөрөө алдартай. Бас баян тансаг амьдралаараа ч гайхуулдаг нэгэн.

 

4. Роберт Смит, $4.4 тэрбум

 

Африк гаралтай Америкийн иргэн 54 настай Смит 2000 онд Голдмэн Саксаас гарч хувийн үнэт цаасны компани Vista Equity Partners-ийг байгуулснаар тэрбумтан болсон. 2016 онд анх удаа Форбсын тэрбумтнуудын жагсаалтад орж байв.

Одоо Техас мужийн Остинд амьдардаг Смит 2015 онд Плэйбой сэтгүүлийн модель Хоп Дворачиктай Италид хуримаа хийж, нэг хүүтэй болжээ.

 

3. Майк Аденуга, $5.4 тэрбум

 

Нигерийн иргэн 64 настай Майк Аденуга нь 36 сая хэрэглэгчтэй харилцаа холбооны Globacom компанийн ерөнхийлөгч, бас газрын тосны Conoil компанийн гол хувь эзэмшигч.

Нью Йоркод их сургуульд сурч байхдаа таксины жолоочийн ажил хийж амьдарлаа залгуулдаг байсан гэдэг. Өнөөдөр Аденуга долоон хүүхэдтэй, Нигерийн дэд баянд тооцогдож байна.

 

2. Мохаммед Аль Амоуди, $10.8 тэрбум

 
Мохаммед Аль Амоудигийн зураг олддогүй. Зураг дээр түүний амьдардаг Саудын Арабын Жеддах хот харагдаж байна.

Одоо 71 настай Мохаммед 19 настайдаа Этиопоос Саудын Арабт цагаачилж үл хөдлөх, барилгын бизнесээ эхлүүлжээ.

Найман хүүхэдтэй Мохаммед одоо газрын тос, уул уурхай, хөдөө аж ахуй зэрэг найман салбарын бизнесийг Саудын Араб, Этиоп, Шведэд эрхлэн явуулж байна.

 

1. Алико Данготе, $13.8 тэрбум

 

Африкийн хамгийн баян хүн бол Нигерийн иргэн, 60 настай Алико Данготе. Тэр Данготе Группын ерөнхийлөгчөөр 35 жил ажиллаж байгаа. Түүний баялгийн ихэнх хэсэг 90 гаруй хувийг нь эзэмшдэг Данготе Цемент компаниас бүрджээ. Тус компани Нигерийн хөрөнгийн бирж дээр хувьцаагаа арилждаг, Африкийн хамгийн том цемент үйлдвэрлэгч юм.

Данготе өөрийн нэртэй буяны сангаараа дамжуулан боловсрол, эрүүл мэнд, хөдөө аж ахуйн салбаруудыг дэмждэг байна.

 

Эх сурвалж: Business Insider