Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/02/21-НД НИЙТЛЭГДСЭН

Ази хүнийг доромжилсон түргэн хоолны газрын кассчин ажлаасаа халагджээ

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 2 сарын 21
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн долоо хоногийн Баасан гарагт АНУ дахь мексик түргэн хоолны Тако Белл рестораны ажилтан Ази гаралтай иргэнийг доромжилсон хэрэг гарч, сошиал сүлжээнд яригдаж эхэлсэн юм.

Тако Беллийн захиргаа өчигдөр албан ёсны мэдэгдэл гаргаж, Филаделфийн салбарын кассчин буруутай үйлдлийн улмаас ажлаасаа халагдсаныг мэдэгдсэн байна.

Пенсилваний их сургуулийн докторантурт эхний жилдээ суралцаж байгаа Ази гаралтай Ин Юн Ли тус ресторанд орж үдийн зоог барьсан ажээ. Гэтэл түүнд өгсөн төлбөрийн баримт дээр Лигийн нэрийг “Steve Chink” хэмээн бичсэн байв. Кассчин түүний нэрийг бичихэд түвэгтэй байснаас “Steve” хэмээн өөрчилсөн байснаас гадна ард нь “Chink” (жартгар нүдтэй гэсэн доромж үг) хэмээн хочилжээ.

 

Ли энэ тухай фэйсбүүк хуудсандаа “Намайг баримт дээрх “STEVE CHINK” гэсэн нэрийг олж харах хүртэл бидний харилцаа хэвийн, бүр найрсаг гэж болохоор байсан. Гэвч үүний дараа би уураа барьж дийлэлгүй кассчинтай хэрэлдсэн” гэж бичсэн байна.

 

Рестораны удирдлага Литэй биечлэн уулзаж, уучлал гуйснаар асуудал тухайн үед намжиж байжээ. Харин сүүлд ажилтныг халах шийдвэрийг гаргаснаа Мягмар гарагт мэдээлсэн байна. 

 

Эх сурвалж: Associated Press