Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/02/21-НД НИЙТЛЭГДСЭН

"100-300 жилийн өмнө туурвисан номуудыг удаан хадгалахын тулд баринтаглах шаардлага үүсдэг"

Ж.Хулан, iKon.mn
2018 оны 2 сарын 21
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Монголын Үндэсний Номын сангийн /МҮНС/ сан хөмрөгт номын баринтаг хандивлах өдөрлөг өнөөдөр боллоо.

МҮНС-гийн Бодлогын зөвлөлийн дарга Т.Баярлах ""Номын баринтаг" төслийн талархлын үйл ажиллагаа өнөөдөр болж байна. Энэхүү төслийг БСШУСЯ, JCI Капитал ТББ хамтран 2015 оноос эхлэн жил бүр уламжлал болгон хэрэгжүүлж ирсэн. Төслийн хүрээнд Үндэсний Номын Сангийн хуучин ном судруудыг баринтаглах ажлыг хийж эхэлсэн.

Энэ хугацаанд бид 15,000 орчим баринтагийг хүлээн авсан байна. Тухайлбал өнгөрсөн жил гэхэд л бид 5,203 баринтаг цуглуулсан. Бидний үйл ажиллагаанд нийслэлийн болон хөдөө орон нутгийн иргэд , байгууллага, өндөр настнууд идэвхтэй оролцдог. Төслийн гол зорилго нь өв уламжлалаа хадгалан авч үлдэхэд чиглэж байгаа.

Үндэсний номын санд 100-300 жилийн өмнө туурвисан номууд хадгалагдаж байна. Тиймээс энэ сурвалж бичиг болон номуудыг удаан хадгалахын тулд баринтаглах шаардлага үүсдэг. Бид хуучин баринтагуудаа дахин засварлаж, цэвэрлээд заримыг нь давхарлан ороож байна" гэлээ.

 
Гэрэл зургийг mpa.mn

Баринтаг төсөл олон ажлын байр бий болгосон

JCI Капитал ТББ-ын 2018 оны тэргүүн дэд ерөнхийлөгч О.Мөнхнасан "Баринтагийн төслийн 2018 оны нээлт өнөөдөр болж байна. Бид жил бүр төслөө хааж, дахин шинээр хэрэгжүүлдэг. Бид өв соёлоо хадгалж, ном баринтаглаад зогсохгүй төслийн хоёр дахь шатандаа шилжиж байна.

Дэлхийд Монгол Улсыг судалсан гадны судлаачид их байдаг. Тэдний бүтээл дэлхийгээр нэг байгаа. Гэсэн хэдий ч улсын маань төв номын санд дэлгэрч чадаагүй. Энэ бүтээлийг цуглуулж авчрах зорилгоор бид төслийнхөө хоёр дахь шатыг эхлүүллээ.

Баринтаг төслийн нэг давуу тал нь олон ажлын байр бий болгосон. Тухайлбал баринтаг хандивлахыг хүссэн хүмүүс олон байгаа ч өөрсдөө оёж чаддаггүй. Тиймээс бид хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдээ асардаг эхчүүдийн "Хайрын хүч" холбоотой хамтран баринтаг оёх ажлыг хэрэгжүүлж байна. 

Мөн бид жил бүр 108 баринтаг хандивласан байгууллагуудад талархлаа илэрхийлж, өргөмжлөл гардуулдаг. Энэ жил есөн байгууллагад өгөхөөр болсон" гэв.

фото: 

Гэрэл зургийг Mpa.mn