Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/02/21-НД НИЙТЛЭГДСЭН

Эцэг эхчүүд, багш нарт олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн АМИ Монтессори сертифакттай сургалтанд эх орондоо хамрагдах боломж нээгдэж байна

ikon.mn
2018 оны 2 сарын 21
Сурталчилгаа

Улсын хүн амын талаас илүү хувь суурин газар төвлөрч, хотын нүргээнт амьдрал буцалсан өдий цагт хүүхдийн хөгжилд Монтессори сургалтын арга зүйг ул суурьтай хэрэгжүүлэх хэрэгцээ шаардлага урган гарч ирлээ.  Цаг нартай уралдаж амьдардаг хотын хэв маяг дотор “сайн” эцэг эх байна гэдэг амаргүй ажил билээ.

Монтессори зарчим, сургалтын арга зүйг илүү сайн мэдсэнээр эцэг эхчүүд хүүхдийнхээ өвөрмөц онцлогийг багаас нь таньж мэдэх, тэдэнд хөгжин төлөвшихөд тохирсон орчинг бүрдүүлж өгөх, өөртөө итгэлтэй, хариуцлагатай, баяр баясгалантай, бусдыг хайрлаж хүндэтгэдэг иргэн хүн болж төлөвшихөд тустай.

Монголын Монтессори багш нарын холбоос Амстердам дах АМИ (Association Montessori Internationale) байгууллагатай хамтран Монтессори багшийн АМИ сертификаттай сургалт анх удаа Монгол улсад зохион байгуулагдаж гэж байгааг дуулгахад таатай байна. Тус сургалтыг АМИ мэргэшсэн сургагч багш Лхамо Пемба АНУ-аас ирж явуулах бөгөөд тэрбээр Перу, Вьетнам, Морокка зэрэг олон оронд ажилласан арвин туршлагатай багш юм.

Сургалт энэ оны 3 дугаар сарын 5-16-ны өдрүүдэд Корпорейт зочид буудалд болох ба Монтессори сургалтын арга зүйг дурлан сонирхдог эцэг эх, багш, судлаач хэн бүхэнд нээлттэй. Сургалтын талаар дэлгэрэнгүй мэдээллийг 9595 1178 утсаар эсвэл ami.mongolia@gmail.com хаягаар холбогдож авна уу.

 

Монгол улсад өөрийн биеэр ирж, сургалт хийх сонирхолтой гадаад багшийг олохын тулд холбооны хамт сүүлийн хоёр жил чамгүй хичээн ажиллажээ. Гадаадын олон оронд энэ төрлийн сургалт эрэлт хэрэгцээ өндөр байдаг тул туршлагатай сайн сургагч багш олоход хугацаа их ордог аж.

Олон улсад хүлээн зөвшөөрөгдөх ийм төрлийн сургалтанд хамрагдахын тулд хөрөнгө санхүүгийн бололцоо сайтай, гадаад хэлний мэдлэг сайн байх хэрэгтэй тул хүссэн болгон хамрагдаад байдаггүй байна. Анх удаа Монгол улсад энэ сургалтыг зохион байгуулах гэж байгаадаа Монголын Монтессори багш нарын холбоо төдийгүй, АМИ төв салбар, Америк сургагч багш нар их баяртай байна.

 
Холбооны тэргүүн Н.Цолмон, “Баяр хөөр дүүрэн балчир нас” номын зохиолч Сюзан Стивенсоны хамт. Мария Монтессоригийн гэр, Амстердам хот, 2015 он

Тус холбооны үүсгэн байгуулагч, тэргүүн Н.Цолмон хэлэхдээ

АМИ-д (www.ami-global.org) гишүүнээр элссэн олон оронд энэ төрлийн сургалт зохион байгуулахын тулд олон жил хүлээх нь элбэг. Манай оронд ийм боломж харьцангуй хурдан нээгдэж байгаад их баяртай байна.

Энэ удаагийн АМИ сертификаттай сургалтыг амжилттай явагдснаар, дараа жилээс АМИ дипломтай сургалтыг эх орондоо зохион байгуулах үндэс тавигдах юм. Бид Амстердам дах төв салбартайгаа хэрхэн бэлтгэл хангах, санхүүгийн хөнгөлөлт үзүүлэх боломж байгаа эсэх талаар аль хэдийн ярилцаж эхэлсэн. АМИ дипломтай сургалт босго өндөртэй, мэргэжлийн түвшинд явагддаг төдийгүй төлбөр өндөр тул манай Монгол багш нар төдийлөн гадагш явж сурах боломжгүй байдаг.

Гадаадад очиж суралцахын тулд зөвхөн сургалтын төлбөрөөр зогсохгүй, замын зардал, байр хоолны зардал, ном сурах бичиг гээд олон зардал гардаг. Харин, эдгээр сургалтыг эх орондоо гадаад багш нарыг урьж хийх боломжтой болвол олон багш нар, эцэг эхчүүд Монтессори сургалтын арга зүйн талаар онолын төдийгүй практик мэдлэгийг төрөлх хэл дээрээ авах ач тустай.

Дашрамд хэлэхэд, АМИ дипломтай болон сертификаттай сургалт аль ч улс оронд хүлээн зөвшөөрөгддөг тул гадаадад ажилд ороход хүртэл баталгаа болно”.  

 

Монголын Монтессори багш нарын холбоо 2014 онд Н.Цолмон, Сюзан М.Стифенсон, “Миний гэр” цэцэрлэг нарын санаачлагаар үүсгэн байгуулагджээ. Холбооны эрхэм зорилго нь Монгол улсад түгээн дэлгэрүүлэх, олон хүүхэд Монтессори арга зүйгээр хөгжиж, хүмүүжихэд дэмжлэг үзүүлэхэд оршдог ба Монгол улсад АМИ байгууллагыг төлөөлөн ажилладаг.

 

Анхаарал төвлөрөх чадвар сайн байх тусам хүүхэд илүү бүтээлчээр ажиллаж, орчин тойрны дэг журамд хүндэтгэлтэй ханддаг

гэж Мария Монтессори хэлсэн байдаг. Үнэхээр Монтессори арга зүй бол бол хүний хөгжлийн үе шатыг даган хувьсан өөрчлөгддөг, хүн төрөлхтөний хөгжин дэвших дундаршгүй хэрэгцээг хангаж чаддаг онцлогтой. Хүүхдийн цогц хөгжлийг дэмждэг Монтессори арга зүйн гол бүрэлдэхүүн хэсгүүд бол тусгай бэлтгэсэн орчин, Монтессори багш нар юм. Өөрөөр хэлбэл, эцэг эхчүүд, томчууд бол хүүхдийн үлгэр дуурайл юм. Бид хүүхдийн хөгжлийг дэмжихийн тулд өөрсдийгөө бие бялдар, оюун санаа, сэтгэл санаагаар мөн бэлдэж, дараах үүргийг гүйцэтгэнэ.

2014 оны 10 дугаар сарын 15-ны өдөр тус холбоо, “Миний гэр” цэцэрлэгтэй хамтран нийслэлийн цэцэрлэгийн удирдах ажилтан, багш, эцэг эхчүүдэд “Миний хүүхдийн ертөнц” сэдэвт уулзалт ярилцлага зохион байгуулж байсан түүхтэй.

AМИ – Олон улсын Монтессори холбооны тухай товчхон

Др. Мария Монтессори санаачлан 1929 онд Association Montessori Internationale (AМИ) буюу Олон улсын Монтессори холбоог Амстердам хотод байгуулжээ. Тэрбээр өөрийн судалгаа шинжилгээний ажил, зөвлөмжөө үндсэн чиг зорилгоос хазаалгалгүй үеийн үед өвлүүлэн үлдээхийг хүссэн байна.

 
Холбооны удирдлага АМИ байгууллагын тэргүүн Филипп О’Брайен, Япон улсын Монтессори холбооны тэргүүн Мария Мацумото, Монтессори багш Сэцүко Миура нарын хамт. АМИ холбоодын чуулган, 2015 он

АМИ байгууллагын эрхэм зорилго нь хүнийг хөгжлийг нярай үеэс эхлэн дэмжих, амар тайван хүнлэг нийгэм байгуулах хувь хүн болгон төлөвшүүлэхэд оршино. Тус холбоо үндэсний бөгөөд олон улсын түвшинд Монтессори сурган хүмүүжүүлэх ухаан, арга зүйг түгээн дэлгэрүүлэх, хэрэгжүүлэгч байгууллага юм.

Үүний сацуу, Монтессори сургалтын хөтөлбөрийг олон улсын түвшинд зохицуулах, Монтессори хэрэглэгдэхүүн үйлдвэрлэгч нарт зөвлөгөө өгөх, др. Монтессоригийн номын хэвлэлт хяналт тавин зөвлөх, бага хурал, уулзалт, чуулган зохион байгуулах, сонирхсон улс орнуудыг гишүүнээр элсүүлэх, хэвлэл мэдээллээ тогтмол гаргах үүргийг мөн гүйцэтгэнэ.  AМИ гишүүнчлэл сонирхсон хэн бүхэнд нээлттэй.

Дэлгэрэнгүй мэдээллийг www.ami-global.org -ээс авна уу.

 

 

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.