Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/02/20-НД НИЙТЛЭГДСЭН

Тайландад “хүүхдийн үйлдвэрлэл” явуулж байсан Япон эр эцгийн эрхээ сэргээлээ

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 2 сарын 20
iKon.MN
Зураг зураг

Бангкок хотын шүүх өнөөдрийн хурлаараа Япон улсын иргэн эрэгтэйн Тай тээгч эхчүүдээс төрүүлсэн 13 хүүхдийн эцэг байх эрхийг зөвшөөрсөн шийдвэр гаргажээ.

Мицутоки Шигета нь тэрбумтны хүү бөгөөд 2014 онд Тайландад “хүүхэд үйлдвэрлэж” байгаа нь илэрч, дуулиан тарьсан юм.

Бангкокийн нэгэн орон сууцанд түүний 9 нялх хүүхэд асрамжинд байсныг, дөрвөн хүүхэд удахгүй мэндлэх гэж байгааг цагдаа нар илрүүлж байв. ДНХ шинжилгээгээр тэдгээр хүүхдүүд бүгд Шигетагийнх болохыг тогтоожээ.

Энэ дуулианы дараа Тайландын эрх баригчид гадаадын иргэдийг Тай тээгч эхээр төлбөртэй хүүхэд төрүүлэх явдлыг хориглосон юм. Шигета дуулиан дэгдсэний дараа Тайландаас Хонг Конг руу явж, дараа нь тус улсын Нийгмийн Хөгжил, Хүн Хамгааллын яамыг шүүхэд өгсөн байна.

 
Мицутоки Шигета

Өнөөдрийн хурлын шийдвэрт “13 хүүхдийн биологийн эцгээсээ хүртэх боломж, аз жаргалыг бодолцон үзэж, эцэг байх хууль ёсны эрхийг нь зөвшөөрч байна” гэжээ.

Баян гэр бүлийн өв залгамжлагч тул Шигета нь хүүхдүүдээ Японд өсгөн хүмүүжүүлж, асрамжлах боломжтойг харгалзан үзсэнээ мөн шийдвэрт өгүүлсэн байна.

Хүүхдүүд одоогоор Тайландын засгийн газрын харьяа асрамжийн газарт байгаа юм. Шүүх хуралд оролцсон Шигетагийн өмгөөлөгч хүүхдүүдийг шилжүүлж авах ажлыг удахгүй эхлүүлнэ гэжээ.

Шигета нь өөрийн өвлөх их хэмжээний хөрөнгийг аль болох олон хүүхдэд хүртээх хүсэлтэй гэдгээ хэлж байсан гэдэг.

Тайланд улс 2015 онд тээгч эхийн бизнесийг хориглосны дараа агентууд нь хөрш Камбожид үйл ажиллагаагаа шилжүүлсэн юм. Гэвч 2016 онд мөн Камбожид хориглосон бөгөөд үүний дараа Лаос руу шилжиж эхэлжээ.

Одоо ийм бизнес эрхлэгчид Лаос эхэд хүүхэд тээлгэж, төрүүлэх ажлыг нь эрүүл мэндийн үйлчилгээ сайтай Тайландад хийдэг болоод байгаа гэнэ.

 

Эх сурвалж: AFP