Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/02/20-НД НИЙТЛЭГДСЭН

Нууцлаг хөрөнгө оруулагч $344 саяар биткоин худалдаж авсны улмаас крипто валютын ханш өссөн гэнэ

Р.Түвшин, iKon.mn
2018 оны 2 сарын 20
iKon.MN
Зураг зураг

Сүүлийн өдрүүдэд крипто валютын үнэ ханш өсөлттэй байна. Гол валют болох биткоины ханш өнөөдрийн байдлаар $11,000-ыг даваад байгаа нь энэ сарын эхээр $6,000 хүртэл унасантай харьцуулбал бараг хоёр дахин өндөр байгаа юм.

Зах зээлийн шинжээчдийн мэдээлснээр хэн нэгэн үл мэдэгдэх хөрөнгө оруулагч хоёрдугаар сарын 9-нөөс 12-ны хооронд $344 саяд биткоин худалдаж авсан нь үүнд нөлөөлсөн гэнэ. Энэхүү томоохон арилжааны нөлөөгөөр олон хөрөнгө оруулагч мөнгөө крипто валютын зах зээлд цутгаж эхэлсэн тухай Tetras Capital-ын үүсгэн байгуулагчдын нэг Алекс Суннарборг “MarketWatch” сайтад мэдээлжээ.

Өнгөрсөн Бямба гарагт хоёр дахь том крипто валют Ethereum-ийн үүсгэн байгуулагч Виталик Бутерин крипто валютын ханш тэг хүртэл унах боломжтой тул болгоомжлохыг хүмүүст сануулж байв.

Харин өчигдөр Израйлийн засгийн газар биткоин болон бусад валютыг төлбөрийн хэрэгсэл биш, хөрөнгө гэж үзэн татвар ноогдуулах болсноо зарласан байна.

Ингэхдээ хувь хүмүүсийн крипто валютын зах зээлээс олсон ашигт 20-25 хувийн татвар ноогдуулж, бизнесийн байгууллагуудад нэмээд 17 хувийн НӨАТ оногдуулахаар болжээ. Израйлийн засгийн газар энэ оны эхээр крипто валютын зохицуулалтын төслөө анх хэлэлцэж эхэлсэн юм.

 

Эх сурвалж: MarketWatch, Coindesk