Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/02/20-НД НИЙТЛЭГДСЭН

"Гэрэл тусгая" уралдааны шилдэг бүтээлүүдийг шалгаруулж олон нийтэд танилцуулна

ikon.mn
2018 оны 2 сарын 20
iKon.MN
Зураг зураг

"Транспаренси Интернэшл" байгууллагаас 2017 оны нэгдүгээр сард дэлхий даяар зарласан "Авлигын төсөөллийн индекс"-ээр Монгол Улс дэлхийн 176 орноос 87 дугаар байрт эрэмбэлэгдсэн билээ. Энэ нь өмнөх оныхоос 15 байраар УХАРСАН үзүүлэлт болсон юм.

Харин энэ жилийн АВЛИГЫН индексийг "Транспаренси Интернэшл" энэ сарын 22нд зарлах гэж байна.

Авлигатай Тэмцэх Газрын (АТГ) 2017 оны ажлын тайлангаас үзвэл тус газрын мөрдөн шалгах ажиллагааны ачаалал 4-8 дахин нэмэгджээ.

Тодруулбал, 2017 онд АТГ-ын хүлээн авсан өргөдөл, гомдол, мэдээллийг 2016 онтой харьцуулбал, 339 нэгжээр буюу 25.6 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

АТГ-ын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн өгч буй мэдээллээр цаашид авлига, хээл хахуультай холбогдох хэргийг бууруулах үүднээс оюутан, сурагч залуучуудыг соён гэгээрүүлэх ажлуудыг шат дараатай зохион байгуулах нь илүү үр дүн, ирээдүйтэй талаар ярьж байгаа юм.

Тиймээс ч өнөөгийн нийгэм дэх хүнд суртал, авлига, шударга бус байдал, ялгаварлан гадуурхал, тэгш бус хуваарилалт, ашиг сонирхолын зөрчлийн эсрэг хүүхэд залуусын дууг хоолойг илэрхийлэх зорилготой “Ил тод байдал залуусын нүдээр" төсөл хэрэгжиж байна.

Энэхүү төслийг АНУ-ын Хөгжлийн хөтөлбөрийн санхүүжилттэй "LEAD MONGOLIA 2017" хөтөлбөрийн “Авлигатай тэмцэх, Ил тод байдлыг сайжруулах” багаас санаачлан зохион байгуулж байгаа бөгөөд төслийн хүрээнд ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчид болон оюутнуудын дунд “Гэрэл тусгая” нэртэй гурав хүртэл минутын богино хэмжээний видео уралдааныг 2017 оны 12-р сарын 23-наас 2018 оны хоёрдугаар сарын 18-н хүртэл амжилттай зохион байгуулж дуусаад байна.

Орон даяар явагдсан энэхүү уралдаанд нийт 170 гаруй баг бүртгүүлж 36 бүтээл ирүүлж энэ сарын 20-ны өдөр Азийн кино театрын сүлжээ 4DX Prime Cineplex кино театрт шилдгүүдийг шалгаруулах гэж байна.

"Гэрэл тусгая" видео бүтээлүүд нь "Бид нийгэмдээ гэрэл тусгая. Гэрэл нь бид өөрсдөө байя. Шударга, ил тод, сайн сайхан нийгмийг цогцлоохын тулд бид өөрсдөө хэрхэн, яаж оролцох, шударга ёс, ил тод байдлыг ӨӨРТӨӨ, ГЭР БҮЛДЭЭ, СУРГУУЛИЙН ОРЧИНДОО, НИЙГЭМДЭЭ хэрхэн хэвшүүлэх, өдөр тутмын амьдралд тохиолддог бэрхшээл, болж бүтэхгүй, нуугдмал зүйлийг шүүмжлэх бус ИЛ ТОД болгон асуудал хөндсөн, тэдгээрийг хэрхэн шийдвэрлэх талаар гарц хайсан зохиомжтой" байх талаар уралдааны удирдамжинд тусгаад байв.

Өнөөдөр болох арга хэмжээгээр хамгийн их оноог авсан оролцогчдыг тодруулж, шагналыг гардуулах бөгөөд мөн шилдэг бүтээлүүдийг толилуулах болно.

Шилдгээр шалгарсан бүтээлүүдийг ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдын “Нийгмийн тухай мэдлэг” хичээлийн “Ил тод байдал ба авлига” сэдвийн хүрээнд төслийн багийн бэлтгэсэн сургалтын материалд хавсарган Монгол улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй ерөнхий боловсролын бүх сургуульд хүргүүлэх юм.

Мөн энэ сарын 22-нд  "Транспаренси Интернэшл" байгууллагын Монгол дахь мэдээллийн үеэр шилдэг оролцогчдыг алдаршуулах болно.

 

"LEAD MONGOLIA 2017" хөтөлбөрийн “Авлигатай тэмцэх, Ил тод байдлыг сайжруулах” баг